Улсын ерөнхий прокурор асан Д.Дорлигжавын өмгөөлөгч нар мэдээлэл хийлээ.

Бичлэг үзэх:

Өмгөөлөгч Э.Амархүү:

"Алтан Дорнод Монгол" ХХК-ийн захирал Т.Ганболдын ярьсан мэдээлэл бол ганцхан хуудас материал. Үүнийгээ үзүүлж нотолгоо мэтээр үзсэн. Энэ бол хуульч хүний хувьд гэрээний нэг зүйл заалтыг үндэслэн мэдээлэл хийх боломжгүй зүйл. Т.Ганболд нэвтрүүлгээр орохдоо "Гэрээний дүн 18.9 сая ам.доллар гэж мэдэгдсэн"  Тэрбээр олон нийтэд зөв мэдээлэл өгөхийг хүссэн бол энэ гэрээнд байгаа бүхий л мэдээллийг дэлгэх байсан. Харин Д.Дорлигжав өөрийн орсон нэвтрүүлэгтээ энэ талаар маш дэлгэрэнгүй ярьсан. Д.Дорлигжавыг хорих үндэслэл нь "Хууль зүйн сайд, Ерөнхий прокурор, Шадар сайд асан Д.Дорлигжав нь тухайн үед төрийн өндөр алба хашиж байсан учраас энэхүү гэмт хэргийг дахин үйлдэж болзошгүй" гэжээ. Хуульд хүнийг эрхэлж байсан ажил, боловсролоор нь,  арьс өнгөөр нь ялгаварлаж болохгүй гээд заачихсан. Өмгөөлөгчийн хувьд, миний үзэж байгаагаар Д.Дорлигжавыг цагдан хорих ямар ч үндэслэл байхгүй. Ард иргэдэд хандаж хэлэхэд Д.Дорлигжав руу дайрч давшилсан ор үндэслэлгүй гүтгэлэг дайралтад бүү итгээрэй. Хуулийн байгууллага шалгаж дуустал хэнийг ч дур мэдэн гүтгэж болохгүй.

Өмгөөлөгч Т.Мөнх-Оргил:

"Алтан Дорнод Монгол" ХХК-ийн захирал Т.Ганболд "Д.Дорлигжав нь намайг дарамтлах замаар өөрийн хамаарал бүхий этгээдээр дамжуулан 4 сая доллар авсан"  гэж хэлсэн. Үүний дагуу мөрдөн шалгаж байна. Үүнийг няцаах хэд хэдэн үндэслэл байна. "Алтан Дорнод Монгол" ХХК-ийн захирал Т.Ганболдоос шилжүүлсэн 4 сая доллар нь авлига биш бизнесийн байгууллагуудтай холбоотой мөнгө. Үүнийг төрийн өндөр албан тушаал хашиж байсан гэдэг утгаар нь Д.Дорлигжавтай хамааруулж, санаатай гүтгэж байгаа нь ял өгөх зорилгоор хэргийг өдүүлсэн гэж хуульчдын зүгээс үзэж байна. Нэгэнт хуулийн байгууллага шалгагдаж байгаа, шүүхээс гэм буруутай гэж үзсэнээс бусад тохиолдолд хэнийг ч гэм буруутайд тооцож болохгүй гэсэн зарчим бий. Тэгэхээр манай үйлчлүүлэгчийн талаар ямар нэгэн байдлаар гэм буруутай гэж үзэх нь хууль зөрчиж байгаа үйлдэл юм. Эцсийн дүндээ Т.Ганболдын яриад байгаа зүйл ямар нэгэн агуулга зорилготой. Тийм учраас бид шаардлагатай бол түүнийг холбогдох газарт нь шалгуулна. Эцэст нь хэлэхэд авлагыг дансаар авдаг тэнэг  хүн байхгүй, ямар нэгэн гэмт хэргийн ул мөр үлддэг учраас. Харин дансаар өгсөн гэдэг тайлбар худал юм шүү. Ердөө л 2 компанийн хооронд үүссэн тооцоо. Харин нийгэмд Д.Дорлигжав нь Т.Ганболдыг дарамталж байгаад 4 сая долларыг авчихсан юм байна гэсэн энэ сөрөг мэдээллийг л гаргасан.