Нийгмийн сүлжээний платформуудад ихэд дэлгэрээд байгаа муужирч унатлаа амьсгалаа түгжиж үзүүлэх, хоолойгоо боох, эсвэл хэр удаан амьсгалаа түгжиж чадах вэ гэсэн бичлэгийг хүүхэд, залуус хэдэн саяараа үзэх болсон аж. 

Үүнийгээ дууриаж амьсгалаа хэт удаан түгжсэнээс болж тархи нь хүчилтөрөгчийн дутагдалд орж гэмтэх, улмаар 12-оос доош насны хүүхдүүд насбарсан харамсалтай тохиолдол гарсан юм.

Тухайлбал өнгөрсөн сард АНУ-ын Пеннсилвань мужид 10 настай охин нийгмийн сүлжээнд дэлгэрсэн челленжийг дууриаж байгаад гэртээ, унтлагын өрөөндөө насбарсан харамсалтай хэрэг гарсан байна. 

Бичлэг үзэх:


Түүний гэр бүлийнхэн бүгд гэртээ байсан ч охин Тик токийн бичлэг хийж ухаан алдахад нь мэдээгүй тул тусламж авч чадалгүй амьсгал хураажээ. Гэр бүлийнхнийх нь эл явдлын талаар гашуудан харамссан ярилцлага эцэг эхчүүдэд өмнөхөөс ч илүү хүүхдэдээ анхаарал хандуулахыг сануулсан билээ.


Муужирч үзүүлдэг челленжийг хэн эхэлсэн нь тодорхойгүй.

Гэвч саяхан дэлгэрсэн шинэ зүйл биш юм. Анх 2008 онд бие биенийхээ хоолойг боож, муужруулдаг тренд дэлгэрэхэд АНУ-д гэхэд үүнтэй холбоотой 80 гаруй насбаралт бүртгэгдэж байсан юм. Харин энэ жил уг тренд дахин сэргэж байна гэж барууны хэвлэлүүд мэдээлжээ.

Уг челленжийг оролдож үзсэн дүрс бичлэг оруулсан хэрэглэгчийг TikTok шууд блоклож буйгаа мэдэгджээ.

Та ч бас хүүхдээ анхаарч, ажиглаж байгаарай. 

❝Хэрвээ таны хүүхдийн нүдэнд нь цус хурсан, хүзүү нь улайсан, толгой нь өвдсөн, ганцаараа байсныхаа дараа юм ойлгохгүй манарсан байдалтай, эсвэл түүний унтлагынхаа өрөөнд орноосоо уяа, ороолт, бүс гэх мэт зүйлс зангидаж тавьсан, эсвэл унтлагын өрөөний шалан дээрээс олсон бол оройтоогүй байгаа дээр та үүнийг яаралтай зогсоох хэрэгтэй. ❞

Мөн хэрэглэдэг цахим хэрэглээг нь анзаарч, анхаарал хандуулаарай.

Муужирч унадаг челленжийн талаар бусадтай ярилцах яриандаа цухас дурдах, pass-out game, choking game, space monkey зэрэг үг хэллэг хэрэглэх, хайлтын машинаас хайж үзсэн, сонирхож байгаа нь илт мэдрэгдвэл таны хүүхэд үүнийг турших гэж байна гэсэн үг гэж эцэг эхчүүд, асран хамгаалагч нарт TikTok анхааруулсан байна. 

Эх сурвалж: goodto