ВАШИНГТОН. /Reuters/. CFIUS буюу АНУ-ын гадаадын хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан хороо “TikTok” нийгмийн сүлжээг эзэмшдэг Хятадын “ByteDance Technology” компанийг шалгаж эхлээд байна. Энэ компани нь Америкийн “Musical.ly” үйлчилгээг хоёр жилийн өмнө 1 тэрбум ам.доллароор худалдан авжээ.

CFIUS” хороо нь АНУ-ын үндэсний аюулгүй байдалд учирч болзошгүй эрсдэлүүдийг хянан шалгах эрхтэй хороо бөгөөд “Musical.ly”-г худалдан авахдаа “ByteDance Technology” компани тус хорооноос зөвшөөрөл аваагүй байна. 

“АНУ-ын хэрэглэгчдийн итгэх итгэлээс илүү эрхэм зорилго бидэнд байхгүй гэдгээ бид тодорхой ойлгуулсан” хэмээн “TikTok” нийгмийн сүлжээний төлөөлөгч мэдэгджээ. Сүүлийн үед АНУ-ын хэд хэдэн хууль тогтоогчид “TikTok” нийгмийн сүлжээг мөрдөн шалгахыг уриалаад байгаа юм. Тухайлбал тэдний дунд Флорида муж улсын сенатч Марко Рубио багтжээ.

Хятадад бүтээгдсэн “TikTok” нь богино хэмжээний дүрс бичлэгүүдийг бүтээх болон үзэхэд зориулагдсан нийгмийн платформ бөгөөд нийгмийн сүлжээ юм. Бээжин хотод төвтэй “Bytedance” компанийн эзэмшдэг “TikTok” хавсралт нь өрнөдийн орнуудад амжилт олсон Хятадын нийгмийн сүлжээний цөөн хавсралтуудын нэг юм.

Эх сурвалж: Монцамэ агентлаг