Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны гуравдугаар сарын 02-нд болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Иргэн, аж ахуйн нэгжид тулгарч буй санхүүгийн ачааллыг бууруулах зорилгоор тендерийн болон гүйцэтгэлийн баталгааны хувь хэмжээг бууруулна

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу нэн яаралтай хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.

Эдийн засгийг эрчимжүүлэх Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд хэрэгжүүлэх хөгжлийн төслийн жагсаалтад багтсан төсөл, арга хэмжээг хэлэлцээ хийж гэрээ байгуулах аргаар зохион байгуулах, энэ төсөл, арга хэмжээний санхүүжилтийн 30-аас доош хувийг төрийн өмчит, төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдээс санхүүжүүлэх бол Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг мөрдөхгүй байх тухай зохицуулалтыг нэмж тусгажээ.

Худалдан авах ажиллагааг цахим хэлбэрээр зохион байгуулах, шаардлагатай мэдээллийг төрийн мэдээллийн сангуудаас авах технологийн нөхцөл бүрдсэн. Энэхүү дэвшилтэд талыг ашиглан захиалагч шийдвэр гаргаж, гэрээ байгуулах 30 хоногийн хугацааг багасгаж ажлын 15 хоногт шийдвэр гаргахаар  тусгасан байна.  

Урт хугацаанд хэрэгжих зарим төсөл, арга хэмжээний хувьд захиалагч, гүйцэтгэгчээс үл хамааран төсөвт өртөг зайлшгүй нэмэгдэх тохиолдол байдаг тул хуулиар төсөвт өртгийг шинэчлэн баталсан бол гэрээний үнийг нэмэгдүүлэн өөрчлөх боломжийг бий болгосон байна.

Захиалагч байнгын хэрэгцээтэй бараа, үйлчилгээний нэгж үнэ болон бусад нөхцөлийг тохиролцон гурав хүртэл жилийн хугацаагаар гэрээ байгуулах боломжтой. Тендерт оролцогч иргэн, аж ахуйн нэгжид тулгарч буй санхүүгийн ачааллыг бууруулах зорилгоор тендерийн болон гүйцэтгэлийн баталгааны хувь хэмжээг бууруулна зэрэг нэмэлт, өөрчлөлт оруулахаар тусгажээ.


 Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2022 онд шинээр хэрэгжих  төсөл, арга хэмжээний  80,3 хувьд нь тендер зарлаад байна

Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд батлагдсан улсын төсвийн хөрөнгө оруулалтын санхүүжилт, төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааны явцын талаар Сангийн сайд Б.Жавхлан танилцууллаа.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар шинээр хэрэгжих 716 төсөл, арга хэмжээнээс тендер зарласан 575 буюу 80,3 хувьтай байна. Тендер шалгаруулалт зарлаагүй 141 төсөл, арга хэмжээ байна.

Тендер шалгаруулалт зарласан төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг Засгийн газраас өгсөн чиглэлийн хүрээнд яаралтай зохион байгуулж, 2022 оны дөрөвдүгээр сарын 1-ний дотор гэрээ байгуулан ажиллахыг төсвийн ерөнхийлөн захирагч нарт даалгалаа.

 

Эрдэнэбүрэнгийн УЦС-ын барилга угсралтын ажил дөрөвдүгээр сард эхэлнэ

“Шинэ сэргэлтийн бодлого”-ын хэрэгжилтийн явцын талаар танилцуулга хийлээ. Энэ хүрээнд хэрэгжиж буй “Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц” төслийн талаар Эрчим хүчний сайд Н.Тавинбэх мэдээлэл хийлээ.

Эрдэнэбүрэнгийн 90 МВт-ын усан цахилгаан станцын бүтээн байгуулалтын ажлыг цаг алдалгүй хэрэгжүүлэх зорилгоор Эрчим хүчний яамны зүгээс гүйцэтгэгч компанитай түлхүүр гардуулах нөхцөлтэй гэрээг 2021 оны есдүгээр сард байгуулж, 2022 оны дөрөвдүгээр сарын 01-ний өдрөөс барилга угсралтын ажлыг эхлүүлж, 61 сарын хугацаанд ашиглалтад оруулахаар ажиллаж байна.

Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц нь баруун таван аймагт Азийн хөгжлийн банк, Дэлхийн банкны уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг сангийн хөрөнгөөр баригдаж буй 40MBт-ын нар, салхины хувьсамтгай эх үүсвэртэй хослон ажиллаж, горим тохируулгын үүрэг гүйцэтгэн тухайн бүс нутгийн цахилгаан эрчим хүчний хэрэглээг 2027 оноос эхлэн 100 хувь сэргээгдэх эрчим хүчээр хангах боломж бүрдэх юм.


Товч мэдээ
·      Газрын тос дамжуулах хоолой барихад шаардагдах хөрөнгө оруулалтын гэрээнд заасан мөнгөн дүн болох 397 сая ам.долларыг нүүрс урьдчилан борлуулах замаар санхүүжүүлэхийг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлд даалгаж, Газрын тос дамжуулах хоолойн барилга угсралт, бүтээн байгуулалтын ажилд хяналт тавьж ажиллахыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндонд даалгалаа.
·      “Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газрын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй 52 айлын орон сууцыг одоо амьдарч байгаа албан хаагчдад үнэ төлбөргүй хувьчилна. Монгол Улсын Ерөнхий сайдын 2019 онд Орхон аймагт хийсэн албан томилолтын үеэр орон нутгийн удирдлага, иргэдээс гаргасан хүсэлтийн дагуу “Эрдэнэт” үйлдвэрт бүртгэлтэй 375 айлын орон сууцыг ажилтнуудад нь үе шаттай хувьчлах ажлыг зохион байгуулж байна.    
·      Коронавируст халдварын цар тахлын үед экспортын хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор хилийн Гашуунсухайт боомтод 66 га газарт автомат удирдлага бүхий жолоочгүй чингэлэг тээврийн терминал байгуулах, түүний зориулалтаар газар ашиглахыг зөвшөөрлөө.  
·      Монгол Улсын төсвийн цаглабарын талаар Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Монгол Улсын төсвийн цаглабарт өөрчлөлт оруулах шаардлагагүй гэж үзлээ.
·      Төрөл бүрийн үүлдэр, омгийн малыг үржүүлэх бүс, байршлыг тогтоох журмыг баталлаа. Удам зүйн үнэт чанарын хувьд өвөрмөц, хязгаарлагдмал нөөц, тархалт бүхий мал, амьтныг хамгаалах, зохистой үржүүлэх арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болголоо.
·      Кино урлагийн зөвлөлийн Ажлын албаны зохион байгуулалтын бүтцийг баталлаа. Тус зөвлөл нь кино урлагийг дэмжих бодлого, шийдвэрийн төсөлд санал өгөх, гадаадын иргэн, хуулийн этгээдэд Монгол Улсын нутаг дэвсгэрт кино зураг авах зөвшөөрөл олгох, тусгай сангаас санхүүжүүлэх төсөл, арга хэмжээ болон кино бүтээх зардлын буцаан олголтын үйл ажиллагаанд санал, дүгнэлт гаргах чиг үүрэгтэй байх юм.

Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар