Технологи ашиглан үйлдэгдэж буй жендэрт суурилсан хүчирхийлэлийн эсрэг нэгдэцгээе

Peak.mn
12 сарын 04, 2025

Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян нь 1991 онд иргэний нийгмийн санаачилгаар эхэлсэн бөгөөд олон улсад жил бүр 11-р сарын 25-наас (Олон улсын эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг устгах өдөр) 12-р сарын 10-ны (Хүний эрхийн өдөр) хооронд зохион байгуулдаг.

Энэхүү дэлхийн хөдөлгөөнийг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын санаачилга болох "UNiTE" буюу “НЭГДЬЕ” аян дэмждэг бөгөөд эмэгтэйчүүд, охидын эсрэг хүчирхийллийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх зорилготой.

Монгол Улсад энэ аян 1997 оноос эхэлсэн бөгөөд тэр цагаас хойш НҮБ, хөгжлийн түншүүд, төрийн байгууллагууд, иргэний нийгэм зэрэг олон байгууллагын оролцоо дэмжлэгтэйгээр өргөжин тэлж, бүгд ЖСХ-ийг устгахын төлөө нэгдэн ажиллаж байна. Энэ жил Бээжингийн тунхаглалын 30 жилийн ойтой давхцан, "UNiTE" аян нь эмэгтэйчүүд, охидын эсрэг цахим хүчирхийлэлд онцгой анхаарал хандуулж байна.

"UNiTE" аяны зүй ёсоор онцолсноор өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж буй технологийн хэрэглээ нь харамсалтайгаар ЖСХ-ийн шинэ хэлбэрүүдийг бий болгож, цахим орон зайг эмэгтэйчүүд, охидын эсрэг зэвсэг болгон хувиргаж байна.

Технологи ашиглан үйлдэгдэж буй жендэрт суурилсан хүчирхийлэл (ТАҮЖСХ) гэж нэрлэгддэг энэхүү үзэгдэл нь цахим болон бодит ертөнцөд аль алинд нь нөлөөлж, дижитал платформыг буруугаар ашигласнаас үүдэлтэй өсөн нэмэгдэж буй асуудал юм. Олон нийтийн анхаарлын төвд байдаг эмэгтэйчүүд, улс төрчид, сэтгүүлчид, идэвхтнүүд, өсвөр насныхан, залуу эмэгтэйчүүд, охид зэрэг нийгмийн эмзэг бүлгийнхэн ТАҮЖСХ-д хамгийн их өртөж байна. Өсвөр насныхан болон залуучууд ТАҮЖСХ-д онцгой өртөмтгий бөгөөд хязгааргүй онлайн ертөнцөд чөлөөтэй үйлдэгддэг хүчирхийллийн хэлбэрүүдийн хялбар бай болж, заримдаа өөрсдөө ч мэдэлгүйгээр хохирогч, эсвэл бүр үйлдэгч болох тохиолдол гардаг.

Иймд энэ жилийн аян нь өсвөр насныхан, залуучуудын цахим орчин дахь аюулгүй байдалд голлон анхаарч, технологийг аюулгүй, ёс зүйтэй ашиглахыг дэмжин, ТАҮЖСХ-тэй тэмцэх, үйлдэгчдэд хариуцлага тооцож, хохирогчдыг хамгаалах хууль эрх зүйн зохицуулалтыг бий болгохыг засгийн газарт уриалах зорилготой өндөр түвшний оролцоог хангахыг зорьж байгаа юм.

 

Холбоотой сэдвүүд

жендэр жендэрийн тэгш байдал

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.