Автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулах зохицуулалт маргааш буюу нэгдүгээр сарын 31-нд мөрдөгдөөд дуусах гэж байна. 

Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газраас уг зохицуулалтыг үргэлжлүүлэх эсэх талаар иргэдээс санал авч эхэлсэн.

Нэгдүгээр сарын 29-нд эхлүүлсэн санал асуулгад одоогийн байдлаар 2,445 иргэн оролцсон бөгөөд 984/40%/ нь автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулах зохицуулалтыг үргэлжлүүлэхийг дэмжинэ гэсэн бол 1,461/60%/ нь дэмжихгүй гэжээ.

Замын Хөдөлгөөний Удирдлагын Төв, Тээврийн Цагдаагийн Албанаас "Сар шинийн баяр болох гэж буйтай холбогдуулан сүүлийн өдрүүдэд замын хөдөлгөөний ачаалал нэмэгдсэн, цаашид улам нэмэгдэх тул автомашины улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулах дугаарын хязгаарлалтыг сунгах хүсэлтийг НЗДТГ-т ирүүлжээ. Уг хүсэлтийн дагуу олон нийтээс санал авч байгаа аж.