Пүрэвтүвшингийн Хүслэнтуяа
08 сарын 26, 2025
Сүүлийн жилүүдэд дэлхий даяар нэгэн сонирхолтой тренд хүчээ авч байна. "Дижитал детокс" буюу гурваас 14 хүртэлх хоногийн хугацаанд ухаалаг утас, компьютер, интернэтээс бүрэн хөндийрөх шинэ эмчилгээний арга дэлгэрчээ. Харин энэ хугацаанд биеийн болон сэтгэцийн эрүүл мэндээ сэргээж байгальд гарах юм.
Энэ үйлчилгээ дундаж орлоготой хүмүүс, бизнес эрхлэгчдээс гадна залуучуудын дунд эрэлттэй болж буй гэнэ. Учир нь хэтийдсэн хэрэглээнээсээ татгалзаж, эрүүл мэндээ эрхэмлэх нь хангалуун амьдралд тооцогддог болжээ. Үүнд ихэвчлэн хотын стресс бухимдал, технологийн хэт хэрэглээнд автаж ядаргаанд орсон, нойргүйдэлтэй хүмүүс ихээхэн хамрагддаг байна.
"Дижитал детокс" үйлчилгээний онцлог, эрэлттэй байгаагийн шалтгаан
Энэ үйлчилгээнд хамрагдаж буй хүмүүс нам гүм орчинд иог, бясалгал хийх, амьсгалын дасгал хийх, эрүүл хоол идэх зэргээр байгальд цагийг өнгөрөөдөг. Энэ нь тасралтгүй мэдээллийн урсгал, сошиал медиа мэдэгдлүүдээс залхсан хүмүүст сэтгэл зүйгээ эмчлэх, биеийн ядаргаагаа тайлах хамгийн төгс эмчилгээний арга болдог гэнэ.
Ийнхүү амьдралын хэв маягаа өөрчилж, сэтгэл зүйгээ тогтворжуулах нь шинэ төрлийн тансаглал гэдгийг мэргэжилтнүүд онцолж байна.
Өөртөө цаг зарцуулах нь орчин үед хамгийн тансаг хэрэглээний хэлбэр юм
Тансаг хэрэглээ гэхээр зөвхөн үнэтэй машин, брэнд хувцас, чамин эд зүйлсээр тодорхойлогдохгүй болжээ. Харин эрүүл мэндээ анхаарч, сэтгэл зүйгээ тэнцвэржүүлэн, дотоод “би”-тэйгээ хэсэг хугацаанд хамт байж ойлгох цаг гаргах нь ямар ч алт мөнгөнөөс үнэтэй. Тиймдээ ч орчин үед өөртөө чанартай зарцуулдаг хүнийг тансаг амьдралын хэв маягтай нэгэн хэмээн үзэх болжээ.
Детокс үйлчилгээ нь 500-5000 ам.долларын өртөгтэй
Детокс амралтын газрууд ихэвчлэн 3 хоногоос 14 хоног үргэлжилдэг бөгөөд нэг хүний өртөг 500–5000 ам.доллар байдаг байна. Ийм төрлийн амралтын газрууд Ирландын ногоон уулс, Марракешийн элсэн цөл, Сицилийн эрэг, Норвеги болон Атлантын далайн Азорийн арлуудад өргөн тархжээ.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.