Ямар ч сайт хэрэглэгчдээ 13 нас хүрсэн байхыг шаарддаг, гэхдээ хэрэглэгчид худал хэлж байгаа эсэхийг тэд мэдэх боломжгүй. Дэлхий нийтэд 13 насанд хүрэхээс өмнө олон нийтийн сүлжээ сайт хэрэглэх хандлага ажиглагдах болсон гэнэ. Улмаар өндөр хөгжилтэй орнууд Засгийн газраас үүнийг хянаж, зогсоохыг шаардаж эхэлжээ.

Уг нь бол хүүхэд 13 хүрлээ гээд олон нийтийн сүлжээнд элсэхэд тун тохиромжтой болж ирдэг юм биш. Фэйсбүүк гэхэд л өөрийн оролцоогүй, ямар ч хяналтгүйгээр ёс бус зүйлийг танд хүчээр үзүүлдэг биз дээ. Өөрөө хэчнээн хүсээгүй ч яр шарх, шижиг хүргэм зураг, сексийн агуулгатай, садар самуун зураг, дуу, хүчирхийлүүлсэн хүүхдийн зураг гээд таагүй зүйлс тэндээс л хардаг. Насанд хүрсэн хүнийг ч жихүүцүүлж чадаж байхад хүүхдийн эмзэг сэтгэл зүй түүнийг хэрхэн хүлээж авах бол. Асуудал үүгээр зогсохгүй.

Арван гурван настай хүүхэд олон нийтийн сүлжээгээр ямар нэг байдлаар ичгэвтэр байдалд орлоо гэж бодъё. Түүнийг асуудал болгож, өөртөө хүндээр тусгалгүй өнгөрөөж чадах болов уу. Өсвөр насны сэтгэл хөдлөлөөр хэн нэгэнтэй хуваалцаж чадахгүй зүйлээ бичлээ гэж бодъё. Түүнд ирэх хариу үйлдэлд сэтгэл нь бэлэн үү. Хэн нэгэн танихгүй “ноёнтон” охины тань гуа үзэсгэлэнг шагшин магтаж, чихэн дээр нь цэцэг ургуулсаар уруу татаж чадахгүй гэж үү.

Хүүхдийг уруу татагчдын гол зэвсэг өнөө цагт олон нийтийн сүлжээ болсон. Тэдний хэлдэг үгс, хэрэглэдэг аргыг эцэг, эх та ч бас мэдэж байх ёстой. Settings рүү нь ороод Parental awareness, Parental control гэх мэт зүйл байна уу хараарай. “Хөхөө ганц харуулчих”, “Нүцгэн селфи явуулаач, тэгэх үү”, “Чи ямар үзэсгэлэнтэй юм бэ” гэх үгсийг сошиалд байдаг охид тань сонссон байхыг хэн мэдэх вэ.

Гуравдугаар асуудал бол хүүхдийн өөртөө итгэх итгэл олон нийтийн сүлжээгээр эвдэгддэг. Зуун мянган доллараар өөхөө соруулж, 200 мянган доллараар бөгс, хөхөө томруулж, 30 мянган доллараар хамраа нарийсгаж, өндөрлөсөн хүүхнүүд. Эцэг, эхээрээ авахуулсан үнэтэй машинаараа гангарч, охидоор онгирсон залуучууд, хөвгүүд. Нүүрээ зөв будаад, зөв өнцгөөс зургаа авсан охид. Энэ бүхнийг хараад таны охин, хүү эрхгүй өөрийгөө голно. Танд ч ялгаагүй ийм үе байдаг л биз.

Монголд эцэг, эхчүүд хүүхдээ онц авбал, үгэнд орвол, гэрээ сайн цэвэрлэвэл 13 нас хүрэхээс нь өмнө фэйсбүүк нээж өгдөг. Гэхдээ та томчуудын ертөнцийн муу муухайг мэдэхгүй хүүхдэдээ фэйсбүүк нээж өгөх нь хар нүх рүү түлхээд, “Өөрөө учраа олоорой” гэж байгаагаас ялгаагүй.

Мөн та хүүхдээ сошиал медиа хэрэглэж байгаа эсэхэд санаа тавьж, анхаарах хэрэгтэй. Та технологийг судалж, англи хэлний толь барьж хэдэн цаг ч хамаагүй суугаад ёс бус зүйлсээс хүүхдээ хамгаалах үүрэгтэй. Хамгийн чухал нь олон нийтийн сүлжээтэй хамт ирэх асуудлуудад хүүхдээ бэлдэх хэрэгтэй.

Аав та охиноо үргэлж магтдаг бол өөр нэг захын залуугаас хэдхэн үг сонсоод баярлаж, хууртаад алга болчихгүй. Ээж та охиндоо гадаад төрх, өмсөх зүүхийн талаар, гоё гэж байгаа охид, хүүхнүүд нь яаж тийм болдгийг зааж өгвөл өөртөө итгэх итгэлээ алдаж, дэмий зүйлд атаархахгүй. Нуган үрдээ жинхэнэ “мужик” ямар байдгийг зааж өгвөл худлаа хэнхэг нэгэн шиг болохыг хүсэхгүй.

Хэрэв та энэ бүгдийг зааж өгсөн, онц аав, ээж гэдэг үнэлгээг өөртөө өгсөн бол олон нийтийн “ертөнц”-д хөл алхуулж болно. Та хууртаж болохгүй, хүүхдүүд тань аав, ээж, гэр бүлийнхэн, багшдаа зориулсан “гэнэн хонгор” нэг аккаунттай, хараал урсгаж, охин, хүү эргүүлж, өдөж, элдэв зүйл шейрлэж, найзуудтайгаа чаталдаг нэг илүү аккаунттай байдаг юм.

Таны хүүхэд нүдэнд тань сайн болж харагдаад л байж байвал болоо гэж үү. Хэрэв та хүүхэдтэйгээ нээлттэй байхыг хүсэж байвал өдөр бүр ярилц. Ажлаасаа ирээд утас, зурагт, сонин, сэтгүүлээ түр хойш тавиад хүүхэдтэйгээ буу халаарай. “Өдөр юу идсэн бэ”, “Хичээл дээр нь онц сонин юм болсон уу”, “Хэцүү санагдсан зүйл байна уу” юу ч байж болно. Хамгийн гол нь “Өнөөдөр манай найзууд тамхи татаж үзсэн”, “Манай ангийн Батаа охины хормой сөхсөн” гэхэд нь юмны тухад хүрэлгүй “Паах чи бас тэгсэн үү, хөлийг чинь хуга цохиод, амыг чинь түлээд, харанхуй өрөөнд цоожлоод, таван салаа боовны амт үзүүлнэ” гэхээ түр азна. Дотор гал авалзсан ч тайван сонсоод зөв хариулт өг. Тэгвэл та хүүхдийнхээ нууцыг яриулах үүдийг нээлээ гэсэн үг. Түүнээс биш оройжин хүүхдээ тоохгүй байдаг байж гэнэт нэг өдөр “За юу байна, хэнтэй найзалж байна, найз залуутай болсон юм биш биз” гэж цочтол нь шалгаавал та юу ч олж мэдэхгүй.

Эцэг, эхчүүд хүүхдийнхээ сонирхож байгаа бүх зүйлийг сонирхох хэрэгтэй. Инстаграм, снэпчат, уичат бүгдийг нь та нэг хэрэглээд үз. Хүүхэд 10 нас хүрсэн л бол та “найзын горимд” шилжиж, хамгийн сайн найзаас нь ч илүү итгэлийг нь даах учиртай. Тэгж чадвал та ч хүүхдэдээ итгэл хүлээлгэх болно.