Сэтгэцийн эрүүл мэнд ба Сошиал медиа

Б.Анхилам
10 сарын 10, 2023

Бидний амьдралд сошиал медиа нэгэнтээ томоохон байр суурийг эзэлдэг болсноор хэтийн ирээдүйд хэрэглээ нь улам нэмэгдэж байна. Энэхүү дэлгэцийн хэрэглээ, донтолт гэгч чухамдаа сэтгэцийн эрүүл мэндийн жинхэнэ дайсан аж.

Мэдээж сошиал медиа буюу нийгмийн сүлжээ бидэнд олон боломж олгосон. Хүссэн мэдээллээ хялбархан авч, хайсан бүтээгдэхүүн, үйлчилгээгээ олж, өөрийн санаа бодлыг хуваалцан дэлхий дахины мэдээтэй шуурхай танилцаж, хүссэн дуу хөгжмөө хаанаас ч сонсож байна.  Бизнесийн байгууллагууд болон хувиараа бизнес эрхлэгчдэд ч өөрсдийн бүтээгдэхүүн үйлчилгээг таниулан суртчилахад үнэхээр олон боломжууд нээж буй гайхалтай талбар юм.

Бидний өдөр тутмын амьдралыг хөнгөвчлөх төлөвлөгч, хувийн зөвлөгч, дасгалжуулагч аппликейшнүүд ч бий. Хэн бүхэнд үзэл бодлоо хуваалцаж, түүнийгээ илэрхийлэх боломжийг олгодог нь үнэхээр авууштай. Мөн өсвөр насныхны хувьд хүмүүстэй харилцаа холбоо тогтоож, цахим орчинд өөрийн гэсэн "би"-гээ таниулах нь өөрийгөө үнэлэх үнэлэмжээ нэмэгдүүлж, итгэлтэй байхад нь шууд нөлөөлж байна.

Энэ мэтсайн талуудыг дурдаад байж болох ч сөрөг нөлөөг нь тоохгүй орхиж болохгүй юм. Саяхны нэгэн судалгаагаар сошиал медиа хэрэглээ нь сэтгэл гутрал, нойргүйдэл, сэтгэл зовнилд хүргэх нь нэмэгдсэн бөгөөд архи, тамхинаас ч илүү донтуулдаг гэж тогтоогджээ. 

Мөн интернет хэрэглээний тухайд хийсэн нэгэн судалгаагаар сошиал медиаг ашиглагчдын дийлэнх хувийг 16-24 насныхан эзэлдэг гэж гарчээ.

Тус судалгааны багийн зүгээс залуучуудын сэтгэц хийгээд биеийн эрүүл мэндэд хамгийн эерэг болоод сөрөг нөлөөтэй тус бүр таван сошиал платформуудыг тодруулжээ.  Youtube хуудас хамгийн эерэг хэрэглээтэй платформоор шалгарсан бол Инстаграм хамгийн сөрөг нөлөөтэй платформоор нэрлэгдэв. Учир юу гэвээс Инстаграм нь залуучуудын дунд биеийн галбир, хэлбэр хэмжээний тухайд бараг л байж боломгүй төсөөллийг түгээдэг гэжээ.

Instagram:

✔Бусдаас хоцрогдоод байгаа юм шиг санагдах,

✔Үргэлж өөрийгөө бусадтай харьцуулах,

✔Амьдралын хэв маягийн хувьд зөрүүтэй мэдрэмж авах 

зэрэг нь өөртөө итгэлгүй байдалд хөтлөн улмаар сэтгэл зовнил, сэтгэл гутралд хүргэдэг байна. 

Хамгийн гол нь өөрийн амьдралыг бусадтай харьцуулах хэрэгсэл болгон ашиглах нь маш хортой бөгөөд бид аль болох өөрсдийн амьдрал, нийгмийн байр суурь болоод гадаад үзэмжээ бусадтай харьцуулахаас зайлсхийж байх хэрэгтэй. Үнэндээ энэ бол бараг л хийсвэр ертөнц.

Зургууд засвартай байх нь элбэг, бидний харж буй бүхэн үнэн биш байх боломжтой. Энэ бол нийгмийн сүлжээнд мэдэж санаж явах чухал дүрэм юм. 

Басхүү олон хүн өөрсдийгөө лайкны тоонд тулгуурлан үнэлдэг болсон нь сэтгэлзүйн асуудал дагуулж буй. Өөрийгөө гоё сайхнаар мэдрэхийн тулд бусдаас хамаарах нь сэтгэцийн эрүүл мэндийн эмгэг. Энэ нь даамжран өөрийн тооцоолсон хэмжээний лайк авч чадахгүй эсвэл бүр дор, сөрөг сэтгэгдэл хүлээн авснаар сэтгэл зовнилыг нэмэн, өөрсдөдөө илүү шүүмжлэлтэй хандахад хүргэдэг. 

Сошиал хэрэглээний нойронд үзүүлэх нөлөөг дурдахгүй өнгөрч болохгүй. Унтахын өмнө утас их үзэх нь нойргүйдэл үүсгэх боломжтой гэдэг нь нэгэнт батлагдсан. Харин нойргүйдэл юунд хүргэдэг вэ гэж үү? Сэтгэлзүйн тогтворгүй байдал болоод ядаргаанд хүргэнэ.

Тиймээс бид өөрсдийн ухаалаг хэрэглээгээ хянаж байх хэрэгтэй үе нэгэнт иржээ. Магадгүй одоо уншиж буй та бүхнээс асуухад ихэнх нь утаснаасаа бага зэрэг хамааралтай гэдгээ хүлээн зөвшөөрөх байх. 

Судалгааны багийн зүгээс нэгэн санаа дэвшүүлсэн нь гадаа гудамж талбай, нийтийн зорчдог бүсүүдэд анхааруулах самбар, үзүүлэн, сануулах хуудсуудыг ихээр байршуулбал бидэнд утаснаасаа түр ч атугай холдох сануулгыг өгөх байх хэмээн найдаж байгаагаа хэлжээ. 

Бүх л зүйлийн тэнцвэрийг хадгалж байхгүй болбоос утгаа алддаг шүү дээ. Тэгвэл та яг одооноос өөрийн гар утасны хэрэглээгээ хянаж, цагийг илүү бодитоор өнгөрүүлээрэй. 


Эх сурвалж: Community links

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.