Нобелийн шагналт зохиолч Г.Г.Маркесийн "Тахлын үеийн дурлал" романыг танилцуулъя. "Зуун жилийн ганцаардал" надад Нобелийн шагнал авчирсан ч гэсэн би "Тахлын үеийн дурлал"-даа илүү хайртай. Энд миний мэдэх хамгийн агуу, хүнлэг, гоё хайрын тухай өгүүлдэг. Би энэ номоо унших дуртай хэмээн Г.Г.Маркес өгүүлж байжээ. 

Уг романы талаар Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, сэтгүүлч, яруу найрагч Г.Аюурзана “Хөл хорио гэдэг уран зохиолд бас л тод ул мөрөө үлдээсэн зүйл дээ. Боккачогийн “Декамерон”-оос эхлээд Пушкины “Тахлын үеийн найр”, Камюгийн “Тахал”, Маркесын “Тахлын үеийн дурлал” гээд нийтийг хамарсан цар халдварын сэдэлтэй зохиол олон. Стендаль л гэхэд зориуд хоёр жил гэртээ бүгж Монтэнийг уншсаныхаа ачаар зохиолч болсон гэж дурссан байдаг. Гэрээс гаралгүй ганц хоёр сар сууна гэдэг бол уншиж, боловсрох ховорхон боломж шүү!” гэжээ.

…..Шууданч, хожим нь хөлөг онгоцны компанийн ТУЗ-ийн дарга, ерөнхий захирал болсон Флорентино Ариза болон үзэсгэлэн гоо Фермина Даза нарын хайрын түүхээр энэхүү роман бүтжээ. Тэд арван хэдэн настай, өсвөр насны охин, хөвүүн байхдаа бие биенээ олж харсан юм. 

Хүүгийн хувьд охины гэрийн ойролцоо ном уншиж амьхандаа түүнд харагдах гэж хичээнэ. Хичээл зүтгэл нь талаар болсонгүй, охин ч бас түүнийг анзаарч хараад байлаа. Нэг нэгэндээ ухаангүй дурлан татагдсан хоёрыг охины аав таашаасангүй. Охиноо хэзээ ч ийм дорд амьдралтай залуутай суулгахгүй гэж шийдсэн байлаа. Иймээс тэднийг хүчээр салгахаар охиноо аван нэг жил орчим өөр нутаг орноор тэнэнэ. Гэвч хөвүүн, охины нэгэн хамаатны хүний ачаар хаагуур зорчиж байгааг дор бүр нь мэдэж, хоорондоо захидлаар харилцсаар байдаг. Тэд энэхүү "аялал" дууссаны дараа гэр бүл болохоор хатуу шийднэ. 

Охин, аавтайгаа хамт төрсөн хотдоо ирнэ. Харамсалтай нь, тэдний хамтын амьдрал бүтэшгүй зүйл байжээ. Өдрийн бодол, шөнийн зүүд болсон хөвүүнээ харсан охинд яагаад ч юм голох сэтгэл төрөн тэр түүнийг дахин харахыг үл хүснэ. Амьдралын хатуу хөтүү, ажилд нухлагдан турж, царай алдсан хөвүүн түүнд дорд нэгэн шиг санагджээ. Зүүдэндээ харж байсан хөөрхөн дүр нь салхинд нь сарних нь тэр. Үзэсгэлэн гоо Фермина Даза угийн бардам зантай эмэгтэй юм. Тэр өөрийн буруу байсан ч үүнийгээ хэзээ ч үл зөвшөөрөх зөрүүд нэгэн. 

Хайртай бүсгүйдээ гологдсон хөвүүн нэг удаа усан онгоцон дээр явж байгаад хэн болох нь үл мэдэгдэх нэгэн эмэгтэйн хүчинд автана. Ингэж тэр эр хүн болдог. Үүнээс хойш бүсгүйчүүдийн ангууч болж хувирна. Унтсан бүсгүйчүүдийнхээ тухай тэмдэглэл хөтөлдөг зуршилтай болсон ба хожмоо 600 гаруй бүсгүйн тухай тэмдэглэлийн дэвтэртээ ноороглодог. Мөн шарандаа ажлаа сайн хийж, их мөнгөтэй болно гэсэн зорилт тавина. Шуудангийн компанийг усан онгоцны компани болгож, захирал нь болно. 

Үзэсгэлэн гоо Фермина Даза өөрийг нь гэсэн олон залуусын гуйлт хүсэлтэд татгалзсаар байсан. Хотын хамгийн алдартай эмч болох Урбиногийн шаргуу гуйлт, захидал ч түүний сэтгэлийг хөдөлгөж дийлэхгүй байв. Нэгэн удаа үеэлтэйгээ борооноор явж байгаад эмч Урбиногийн сүйх тэргэнд уригдана. "Түүнтэй үнсэлцмээр санагдсан" гэж ярих үеэлийнхээ тэнэгхэн яриаг сонссон Фермина Даза аавтайгаа уулзахыг эмч Урбинод зөвшөөрнө. Аав нь түүнийг эмчтэй гэрлүүлэх гэж хичээж байсан цаг. Ингэж тэд хуримлан, хүү, охин хоёрын ээж, аав болон тавин жилийг хамтдаа өнгөрүүлнэ. 

Тэдний амьдрал огт аз жаргалгүй байсан гэж хэлж болохгүй. Бал сарын гал халуун дурсамжаар цэнэглэгдсээр хөгширцгөөнө. Нөхөр нь нууц амрагтай болсон нь илэрч, тэдний амьдралд сорилт тулгарах боловч тэд хоёр жил тусдаа амьдраад эргэн нийлнэ. "Гэр бүл аз жаргалтай байхаасаа илүүтэй тогтвортой байх ёстой" хэмээн нөхөр нь үздэг нэгэн. Далан хэдэн насандаа нөхөр нь торноосоо алдууран модон дээр гарсан тотио буулгах гэж байгаад модноос унан харамсалтайгаар амиа алдана. Хот даяар гашууддаг. 

Ингэж 72 насанд нь Флорентино Аризад насан туршдаа хайртай байсан бүсгүйгээ (одоо нэгэнт эмгэн болсон) өөрийн болгох боломж гарна. Тэд арван наймтууд шиг нэг нэгнээсээ ичиж зовон (үнэндээ эмгэний бардам зангаас болж) богино хугацаагаар уулзсаар хамтдаа арван хэд хоногийн урт удаан аялалд хамтдаа гардаг. Аз жаргалаар бялхацгаана. Яг л залуу халуун нас, өтөл насны бүх жаргал, зовлонгоо алгасаад насны эцэст аз жаргалаар дүүрэн байгаа хос шиг. Буцах замдаа онгоцны ахмадад "Тахлын шар туг мандуулан нэг ч зорчигч бүү ав" хэмээдэг. Тахлын халдвартай хүн тээж яваа онгоц шар туг намируулан явбал нэг ч боомт дээр зогсохгүй явж болдог байжээ. Уг нь тэд энэхүү аз жаргалыг 53 жилийн өмнө амсаж болох л байсан. Гэхдээ оройтоогүй…  


ЭХ СУРВАЛЖ: AMARTUVSHIND.BLOGSPOT.COM