Тайваниас Монголд суугаа Төлөөлөгч Николай Ван Тайванийн засгийн газрыг төлөөлөн 50 мянган ам.долларыг “Каритас Монгол” байгууллагад өчигдөр гардуулжээ.

“Каритас Монгол” байгууллагын шинэ тэргүүн Сандра Гарай тус хандивыг хүлээн авсан байна.

Энэ оны хоёрдугаар сарын дундуур сүүлийн 50 жилд тохиогоогүй зудын гамшиг тохиолдож, гамшигт өртөн хорогдсон малын тоо 5.9 сая хүрсэн. Энэ онд цаг агаар, уур амьсгалын огцом өөрчлөлтөөс үүдэн бэлчээрийн талбай цас мөсөөр хучигдаж, зудад нэрвэгдсэн газар нутгийн хүрээ тэлж, олон мянган малчин хүнд байдалтай тулгарсан юм.

“Каритас Монгол” байгууллагын тэргүүн Сандра Гарай “Тайванийн Засгийн газар монгол малчдын амьжиргаанд анхаарсанд талархаж байна. Тус хандивыг зүүн бүсийн гурван аймаг буюу Дорноговь, Дундговь, Говь-Сүмбэр болон Увс аймагт хариуцлагатайгаар зарцуулна. Эдгээр аймгуудад өвс тэжээлийн нөөц дууссан, яаралтай тусламж шаардлагатай. Бид юуны өмнө малын өвс тэжээл, эм тариа, бензин түлш, дулаан хөнжил, хувцас зэргээр хангана. Мал олноор хорогдсон тул малын сэг зэмийг тээвэрлэж, халдварт өвчин тархахаас сэргийлнэ.” гэв.

Төлөөлөгч Николай Ван “Тайванийн халуун сэтгэл хэнийг ч орхигдуулахгүй. Бид гуравдугаар сарын дундуур 2,400 ширхэг малын тэжээлийн тусламжийн багцыг хандивласан, дахин мөнгөн хандив өргөлөө. Монголад суугаа олон улсын олон байгууллага, дипломат төлөөлөгчийн газрууд зудад нэрвэгдсэн малчдад туслах хандивын аянд нэгдсэн.

Тайвань ч урт хугацааны туршид Монголд хүмүүнлэгийн тусламж үзүүлсээр ирсэн юм. Каритас Монгол олон жилийн турш Монголын алслагдсан бүс, ялангуяа эд материалын нөөц хомс нутагт тусламж үзүүлсээр ирсэн төдийгүй Тайваньчууд цаашид ч “Тайвань тусалж чадна, Тайвань тусалж байна” (Taiwan Can Help, Taiwan is Helping) үзэл санааг хэрэгжүүлсээр байх болно.” гэв хэмээн тус төлөөлөгчийн газраас мэдээлэв.