Тайландын нийслэл Бангкок хотын Сувернабуми олон  улсын нисэх буудалд халаасны хулгай хийдэг бүлэг монголчуудыг баривчилсан талаар https://www.bangkokpost.com мэдээлжээ.

Уг бүлгийн 2 нь эрэгтэй 1 нь эмэгтэй бөгөөд нисэх онгоцны буудлын орчимд жуулчдын халаасаас 200 мянган тайланд баттыг хулгайлаад цагдаа нарт баригдсан байна. Хамгийн сүүлд 3 дугаар сарын 8-нд Франкфуртаас ирэн 59 настай герман жуулчинг дагаж яваад халаасаас 300 евро, картыг хамт суйлсан хэрэг хийжээ. Хохирогч таксинд суусан хойноо бэлэн мөнгө, кредит картаа алдсан гэдгээ мэдсэн гэнэ. Ингээд нисэх буудлын хамгаалалтын камерын бичлэг шүүж үзэхэд гурван монгол хүнтэй хамтран үйлдсэн болох нь батлагдсан аж.

Голдуу эмэгтэй нь хулгайлдаг бөгөөд бусдадаа түүнийгээ дамжуулдаг байжээ.

Тэд ийнхүү хулгай хийчихээд эх орон руугаа буцаад ердөө 2 долоо хоногийн дараа эргэн ирэхэд нь нисэх онгоцны буудал дээр баривчилжээ. Тэд бол Б.Хишигбат /40 настай/, Б. Төрмөнх /41 настай/, Б.Өлзийбаяр /35 настай/ юм.

Монголчууд голдуу галт тэрэг, нисэх онгоцны буудал зэрэг газраар хэсүүчлэн хулгай хийдэг гэж тус сайтад дурджээ. Энэ талаар Тайландын цагдаа

 "Монголчууд хулгайлсан бэлэн мөнгө, кредит картаараа голдуу брэндийн дэлгүүрээр худалдан авалт хийчихээд эх орондоо буцдаг" гэж ярьсан байна.