Х.Оргил
09 сарын 09, 2021
Ингэхэд, та хорвоо ертөнцөд юу өгч байна вэ, юу бүтээж байна вэ?
Цаасан дээр хариултаа бичнэ үү. Энэ заавал том, харагдахуйц зүйл байх албагүй. Магадгүй та гэр бүлийнхээ доторх халуун дотно уур амьсгалыг бүтээгч нэгэн байж болно. Та цаас бал аваад заавал бичээрэй.
Чеховын мэргэн ухаан
Миний хамтран зүтгэгч А.П.Чеховын (Чеховыг хамтран зүтгэгч гэж нэрлэх ямар сайхан юм вэ?) “Чайка” зохиолын эмэгтэй гол дүрээр дамжуулан хэлсэнчлэн “Бүтээх жаргалыг мэдэрсэн хэн нэгэн өөр юунаас ч тэр аз жаргалыг мэдэрдэггүй” билээ.
“Бүтээх” гэдэг нь өөрөө асар их таашаал юм. Зохиолч Рэй Брэдбери үүнийг маш тодорхойгоор “Нэг л өдөр бичихгүй бол нэг л биш болдог гэдгээ аялж байх хугацаандаа ухаарсан юм. Хоёр өдөр бичихгүй бол би салгалж эхэлдэг. Гурав дахь өдөр нь би бараг солиордог. Дөрөв дэх өдөр нь гүйлгэж байгаа гахай шиг атиралдаж эхэлдэг. Ганцхан цаг бичихэд л бүх зүйл хэвийн болдог. Би эргээд хөл дээрээ зогсч чаддаг. Эрч хүчийг мэдрэн хөл нүцгэн гүйдэг” гэж бичжээ.
Хэрэв бичихгүй бол бие, сэтгэл минь өвддөг. Би бичиж эхлэхэд ямар ч таагүй байдлыг даван туулж чаддаг. Би анх бичиж эхлэхдээ “Хэн үүнийг уншихав дээ” гэж бодсон. Ийм бодолтой байдаг бусад хүмүүстэй л адил би эндүүрч. Бас “Ийм зүйл бичиж ярих эрх надад байна уу, би ер нь хэн юм бэ” гэж өөртөө эргэлзсэн. Гэвч бичихгүй байж чадахгүй тул ярьж, бичиж өөрийгөө илэрхийлэхээс өөр аргагүй. Хэрэв тэгэхгүй бол та насны эцэст орцны үүдэнд суугаад хажуугаар өнгөрсөн залуучууд руу “Хар тамхичин!”, “Янхан!” гэж орилсон муухай ааштай эмгэн болж хувирна шүү дээ.
Мөрөөдлөө биелүүлээгүйдээ хожим хойно харамсахын оронд шүүмжлүүлээд явж байсан нь дээр шүү дээ.
Ихэнх хүмүүс мөрөөдлөө биелэшгүй гэж боддог. Би хүмүүст нэг л зүйлийг хүргэхийг хичээдэг. Энэ бол хэрэв чи мөрөөдлөө олох юм бол хүсч буй зүйлийг тань биелүүлэх арга зам заавал олдоно. Үүний тулд эхлээд дуртай зүйлээ хий, мөрөөдлөө буулга. Тэгсэн цагт дараа нь өндөр төлбөр төлнө гэж санаа зовохгүй.
Дан ганц мөрөөдөл мөнгө авчрахгүй. Мөрөөдөлдөө хүрэх гэж хөдөлмөрлөх замд ядрах тухай, ямар мэргэжил сонгох эсвэл их мөнгө олох талаар бүү бод. Энэ олон бодол таныг дарамтанд оруулах эрсдэлтэй. Зүгээр л дуртай зүйлээ хий, амжилт заавал ирнэ.
“Дуртай зүйлээ хийх юм бол би юу идэх юм вэ, яаж мөнгө олох вэ?” гэж олон хүн асуудаг. Эхлээд ямар ч ажил хийж мөнгө олж болно. Чамайг аз жаргалгүй болгодог ажил л биш бол ямар ч байж болно.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.