УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улс ФАТФын "Саарал жагсаалт"-д орсонтой холбоотойгоор Монголбанкны Ерөнхийлөгч, Санхүүгийн зохицуулах хорооны дарга нарт хариуцлага тооцох асуудлыг хэлэлцлээ. Улмаар Байнгын хорооны гишүүдийн олонх нь Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан, Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн нарыг албан тушаалаас нь чөлөөлөхийг дэмжив.

Тус хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан "Хариуцлагын асуудал байх ёстой. Харин ч хожуу авч байна. 2017 оны 12 дугаар сарын 5-нд Монгол Улсыг Европын холбооны Хар жагсаалтад оруулсан. Тэр үндэслэлээр хэнтэй ч хариуцлага тооцоогүй. Хэрвээ тухайн үед хариуцлага тооцоод Сангийн яамны нэр бүхий этгээдүүдтэй ярьчихсан байсан бол өнөөдөр Саарал жагсаалтад орохгүй байсан гэдэгт би итгэдэг. Хариуцлага зайлшгүй хэрэгтэй. 

Ажил авч буй дараагийн хүмүүс ямар хариуцлага хүлээх вэ гэдгээ мэдэж ажлаа авах хэрэгтэй. Монголбанкны Ерөнхийлөгчийг үүрэгт ажлаа хангалтгүй биелүүлсэн гэж үзэж чөлөөлж байна гэж ойлгож байна.

УИХ-ын гишүүний ёсзүйн дүрмийг өөрчлөх гэж буй. Уг төсөлд би саналаа тусгасан. УИХ-ын гишүүнийг УИХ-ын өмнө ажлаа хариуцдаг байгууллагын удирдлагуудын дайллага, цайллага, зоогт очихыг, бэлэг сэлт авахыг хориглох ёстой. Би энэ саналаа төсөлд тусгасан. Бүх гишүүнийг ийм гэж хэлж байгаа юм биш, манай гишүүд энэ асуудалд ноён нуруутай, ажлын эрх ашгийн төлөө хандах хэрэгтэй. 

Байнгын хорооны гишүүдийг цагдаагийн хамгаалалттайгаар Тэрэлж рүү амраахаар Монголбанкны үүднээс авч явах гэж байсныг би зарим гишүүнтэй нийлж байгаад болиулж байсан. Энэ асуудлыг УИХ-ын гишүүний ёсзүйн дүрэмд заавал оруулах ёстой. 

Зөвхөн Монголбанкны Ерөнхийлөгч биш, Саарал жагсаалттай холбоотой асуудлаар цаашид холбогдох хүмүүст хариуцлага тооцох ёстой. Зарим хүн хариуцлага хүлээх нь бүү хэл энэ хүний оронд томилогдоно гээд яваад байгаа сураг дуулдаад байна. Ийм зүйл болохгүй гэдэг нөхцөлтэйгээр хариуцлага тооцох асуудлыг дэмжиж байна. Дараагийн хүнийг санал болгож томилуулах нь УИХ-ын даргын бүрэн эрхийн асуудал. Бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өнөөдөр хэлж буй хариуцлагыг хэвшүүлнэ гэдгээ баллуурдсан шийдвэр битгий гаргаарай" хэмээн саналаа хэллээ.

Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан, Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн нарыг албан тушаалаас нь чөлөөлөхийг дэмжсэн Байнгын хорооны тогтоолыг энэ долоо хоногт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, эцэслэн шийдвэрлэнэ.