ШУА-ийн Археологийн хүрээлэн, Захирал Г.Эрэгзэн доктор (Ph.D)

Бидний өвөг дээдэс болох Хүн нар (Хүннү) нийтийн тооллын өмнөх III зууны төгсгөлд ЕвроАзийн нүүдэлчдийг анх удаа нэгтгэн төр улс байгуулжээ. Хүннү эзэнт гүрэн дорно зүгт Хянганы нуруунаас өрнө зүгт Тэнгэр уул, өмнө зүгт урт хэрмээс умардад Байгал нуур хүрсэн асар өргөн газар нутагт оршин байсан том бага нийлсэн 50 гаруй улс, аймгийг нэгтгэн захирч байв. Тухайн цаг үедээ Хүннү нар өмнөд хөрш Хан улсаас татвар авч, Дорно-Өрнийг холбох худалдааны их замд хяналт тогтоон улс төр, эдийн засгийн хувьд бүс нутагтаа хамгийн хүчирхэг улс болсон байжээ. Гэвч хүннү нар өөрсдөө түүхээ бичиж үлдээгээгүй болохоор тэдний талаар хөндлөнгийн мэдээ баримт, хөрш улсуудынх нь үлдээсэн бичгийн сурвалжид үндэслэн сэргээн ойлгохоос өөр аргагүй юм. Манай улсын нутгаас Хүннүгийн үед холбогдох асар олон тооны археологийн дурсгалууд илэрч, сүүлийн жилүүдэд идэвхтэй судалгаа, шинжилгээ хийснээр 2 мянган жилийн өмнө амьдарч байсан өвөг дээдсийнхээ талаар бид шинэ баримт мэдээлэлтэй болсоор байна. 

ЕвроАзийн нутгаас Хүннү нарын үлдээсэн 20 гаруй хот суурины үлдэгдэл илэрч мэдэгдээд байгаагийн 16 нь манай улсын нутагт бий. Сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд Хүннүгийн хот суурины дурсгалыг археологийн арга зүйгээр судлах ажил эрчимтэй хийгдэж байгаагаас Хэрлэн голыг даган байрлах 5 хотын үлдэгдэлд хийсэн судалгаа анхаарал татна. Хэрлэн голын баруун эргийг даган хоорондоо 20-30 км зайтай байрлах Хүннүгийн үеийн 5 дурсгал байх бөгөөд эдгээр нь хойд талаас эхлэн нэрлэвэл Тэрэлжийн дөрвөлжин, Бүрхийн дөрвөлжин, Хүрээт дов, Өндөр дов, Гуа дов гэсэн дурсгалууд болно. 

Археологичид Тэрэлжийн дөрвөлжин, Гуа довд малтлага судалгаа хийснээр эдгээр дурсгалууд нийтийн тооллын өмнөх I зууны эхний хагаст холбогдохыг тогтоосон ба барилга байгууламжийн бүтэц зохион байгуулалт, байрлах газрын онцлог зэргээр улирлын чанартай язгууртны ордны туурь болохыг тодорхойлсон байдаг. Тухайлбал, Гуа довын дурсгалт газарт археологийн малтлага судалгаа хийснээр энэ дурсгал нь 180Х200 м хэмжээтэй дөрвөлжин хэлбэрийн хашаагаар хүрээлэгдсэн 30Х40 м хэмжээтэй том ордон, түүнтэй залгаа туслах барилгуудтай болох нь тодорхой болжээ. 

Барилгууд нь вааран дээвэртэй байснаас гадна гадуур нь хүрээлсэн хашаа нь зэрэгцээ олон модон баганатай вааран дээвэрт саравч хэлбэртэй, хашааны 4 тал тус бүрийн төв дунд мөн л вааран дээвэр бүхий сүрлэг асар хаалгатай байсан нь малтлага судалгааны үр дүнд ил болсон байна. Тэрнээс гадна энэхүү ордон нь өмнө талдаа хиймэл цөөрөмтэй, хашааны гадуур ч хэд хэдэн том барилгатай байсныг археологичид гео-физикийн тандалтын дүнд илрүүлэн олжээ. 

Хүрээт дов дурсгалын харагдах ерөнхий байдал (агаарын зураг)

Гуа довын дурсгал Хэрлэн голын салаан дундах Цагаан арал хэмээн нэрлэх усаар хүрээлэгдсэн хэсэгт байрлана. Энэ газар нь тогтмол сэвэлзүүр салхитай тул нутгийнхны зуслан ажээ. Дурсгалын бүтэц зохион байгуулалтаас үзэхэд уг ордны туурь нь урин дулаан цагт суух боломжтой сэрүүн ордон буюу зуны орд байх магадлал өндөр харагддаг. 

Малтлагын явцад илрүүлсэн 5 дээжид хийсэн радио-карбоны задлан шинжилгээний дүнд Гуа довын дурсгал нийтийн тооллын өмнөх I зууны эхний хагаст холбогдох нь тогтоогдсон. 

Хятад бичгийн сурвалжийн мэдээнд тулгуурлан үзвэл энэ цаг үе нь Хүннү улс өмнөд хөрш Хан улстай 40 жил үргэлжилсэн урт хугацааны дайн дууссаны дараа шаньюйн орд өргөө говийн хойно шилжсэн байсантай давхацна. Сонирхолтой нь Гуа дов гэх нэр бөөгийн дуудлагад гардаг бөгөөд Монголын нууц товчоонд гурвантаа дурдагддаг байна. Тиймээс Судар бичгийн хүрээлэн байгуулагдсаны дараа О.Жамьян гуай энэ газрыг хайх ажлыг эхлүүлж нутгийн иргэдийн аман мэдээнд тулгуурлан олж тогтоосон ажээ. Улмаар 1952 онд Хөдөөгийн Пэрлээ гуай анх удаа археологийн малтлага судалгаа хийж Хүннүгийн үед холбогдох дурсгал болохыг тогтоосон. Харин малтлага судалгааг бага талбайд хийсэн тул дурсгалын зориулалтыг бүрэн тодорхойлж чадалгүй ямартай ч тахил тайллага хийдэг чухал газар байх магадлалтай хэмээн таамагласан байдаг. 

Хүрээт дов дурсгалт газрын археологийн малтлага судалгаа хийсэн талбай

Бөөгийн дуудлагад “Хуа довын эзэн Хуандайн хөвүүн Хуа солбин ноён тэнгэр” хэмээн гарна. Гуа дов дурсгалын байгалийн ухааны аргаар тогтоосон он цагтай нэгэн цаг үед Хүннүг “Хуанди” хэмээх шаньюй захирч байжээ. “Хан улсын бичиг” хэмээх хятадын төрийн түүхийн бичигт Хуанди шаньюйн үед “асар олон мод огтолж, худаг малтан хот барив” гэсэн агуулгатай мэдээ бий. Тэгэхээр энэ нэр болон цаг хугацааны давхцал  тохиолдол уу, эсвэл гэх асуулт гарна.

Хэрлэн голыг даган байрлах 5 дурсгалаас Гуа дов хамгийн өмнө зүгт байрлах бол Тэрэлжийн дөрвөлжин хойд захад байрлана. Тэрэлжийн дөрвөлжин уул руу шахсан битүү ам буюу нэлээд бөглүү өвөлжөөний газар байрлах тул өвлийн орд байх магадлалтай юм. Тэгэхээр Хэрлэн гол даган байрлах бусад 3 дурсгал ямар зориулалттай вэ гэдэг асуулт гарахаас аргагүй юм. 

Археологичид Хэрлэн голыг даган байрлах 5 дурсгалын байрлал зүйн онцлогийг Орхоны хөндийд буй Хархорум хот болон Эзэнт гүрний хаадын улирлын ордуудтай төстэй байгааг  ажиглаж эдгээрийг Хүннүгийн үеийн нийслэл хот ба шаньюйн улирлын ордууд байж магадгүй хэмээн таамаглах болжээ.  

Энэхүү таамаглалыг батлахын тулд ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн судлаачид Солонгосын мэргэжил нэгт эрдэмтдийн хамт энэ зун Багануур дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Хүрээт дов хэмээх Хүннүгийн дурсгалд археологийн малтлага судалгааны ажлыг эхлүүлээд байна. 

Судалгааны үр дүнд Хүрээт довын дурсгал нь 420х420 м хэмжээтэй шороон хэрмээр хүрээлэгдсэн ордон барилгатай, хэрмийн гадуур ч 3 км хүртэлх талбайд олон тооны барилга байгууламж тархсан харьцангуй том хотын үлдэгдэл болох нь мэдэгджээ. Судалгааны баг гол ордны туурь хэмээн таамагласан хэсэгт археологийн малтлага судалгаа хийж шавар дагтаршуулан барьсан өндөр тавцан дээр байгуулсан ордны үлдэгдлийг илрүүлсэн ба ордны гадна талаар вааран дээвэрт саравчит байгууламжтай байсныг олж тогтоон асар их хэмжээний дээврийн ваар, шавар чимэглэл зэрэг олдворуудыг ил гарган цэвэрлэсэн байна. 

Хүрээт дов нь бусад 4 дурсгалаас бараг 2 дахин том хэмжээтэй шороон хэрмээр хүрээлэгдсэн байгаа, цуварч байрлах дурсгалуудын дунд байрлах, хэрмийн дотор болон гадна талаар олон тооны барилга байгууламжтай зэрэг олон шинжээр ордны туурь бус хотын үлдэгдэл байх магадлал өндөр юм. Түүнээс гадна Хүрээт довын ойролцоо орших Хустын булгийн дурсгалаас Хүннүгийн үеийн төмөр хайлж байсан зуухнууд, шавар эдлэл шатааж байсан зуухнууд зэрэг үйлдвэрлэл явагдаж байсны ул мөр болох томоохон цогцолбор дурсгал илэрч судлагдсан нь Хүннүд хот түшсэн үйлдвэрлэлийн газрууд байсныг батлах чухал баримт болж олон улсын эрдэмтдийн анхаарлыг татаж байна. Археологийн малтлага судалгаа хийж буй байдал

Хүрээт довын археологийн судалгаа энэ жил эхэлж байгаа бөгөөд цаашид хэдэн жил үргэлжилсэн судалгаа хийгдсэнээр хотын бүтэц зохион байгуулалт, үүрэг зориулалт, хотын амьдралын дүр зураг зэрэг бүрхэг байгаа олон асуудлууд ил болох учиртай юм.    Хүрээт дов дурсгалаас илэрсэн дээврийн нүүр ваарны хэсэг
 Хүрээт дов дурсгалаас илэрсэн дээврийн нүүр ваарны хэсэг