Хүүхэд зам тээврийн осолд өртөж буй голлох шалтгаан нь эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгчид, томчуудын буруутай үйлдэл гэдгийг ТЧА-аас мэдэгдээд буй. 

Статистик тоо харахад хүүхэд амь насаа алдсан тохиолдлуудын ихэнх нь 5-11 дүгээр сард гарсан байна. Урин дулаан цаг ирэхтэй зэрэгцэн хөдөөг зорихдоо хүүхдэдээ хамгаалалтын суудлаа зэхдэггүй нь үр хүүхдээ алдах аймшигт шалтгаан болсоор байгаа юм.

Дээрх зам тээврийн осолд өртсөн нийт хүүхдийн 66,5% нь явганаар, 26,8% нь зорчигч, 6% нь унадаг дугуйгаар замын хөдөлгөөнд оролцож байхдаа хохирсон байна.

Тухайлбал амралтын өдрүүдэд иргэн Г согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ машинаа жолоодож яваад мөргөлдөх осол гаргажээ. Тухайн үед машинд 10-4 настай 2 хүүхдээ тээвэрлэж явсан ч хамгаалах бүс, зориулалтын суудалгүй авч явснаас хүүхдүүд хүнд гэмтсэн байна. 

Мөн 7 настай хүүхэд харгалзах хүнгүй гарцгүй газраар гарч яваад зам тээврийн осолд өртсөн хэрэг гарсан аж.