Словенийн ерөнхийлөгчийн сонгуульд 54 настай хуульч Наташа Пирк-Мусар ялалт байгууллаа. 

Тэрбээр тус улсын түүхэнд Словенийн төрийн тэргүүний албан тушаалыг хаших анхны эмэгтэй болж байгаа юм.

Наташа Пирк-Мусар нь Словенийн үндэсний телевизэд 6 жил сэтгүүлч, үндсэн мэдээллийн хөтлөгчөөр ажилласан.

Мөн CNN-д сэтгүүлзүйн чиглэлээр нэмэлт туршлага хуримтлуулж, Их Британийн Манчестер хотын Салфордын их сургуульд суралцаж байсан аж.

2001 онд тэрээр санхүүгийн салбарт шилжиж, Словенийн хамгийн том хувийн санхүүгийн корпораци болох Актива группт Корпорацийн харилцааны хэлтсийн даргаар ажиллаж байжээ.

2015 онд Австри улсын Вен хотын их сургуулийн хуулийн факультетэд суралцаж докторын зэрэг хамгаалжээ.2021 оноос хойш Словенийн Хуульчдын холбооны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүнээр ажиллаж байсан юм.