ЛОНДОН. /Sky News/. Шотланд нь чих цэвэрлэх хөвөнгийн үйлдвэрлэл, борлуулалтаас татгалзсан Нэгдсэн Вант улсын анхны улс болжээ. Энэхүү арга хэмжээ нь хуванцар хог хаягдлыг бууруулахад чиглэжээ.

Хуванцар оруулгатай чих цэвэрлэх хөвөнгөөс татгалзах шийдвэрийг Шотландын парламент өнгөрсөн 9 дүгээр сард гаргасан хэдий ч энэ шийдвэр одоо л хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлж байгаа аж. 


“Чих цэвэрлэх хөвөн зэрэг нэг удаагийн хэрэглээний бүтээгдэхүүнүүд нь эдийн засгийн хувьд хэмнэлтгүй бүтээгдэхүүнүүд бөгөөд байгаль орчинд ноцтой хор хөнөөл учруулна. Хуванцар, нэг удаагийн хэрэглээний бүтээгдэхүүнүүдийн тоо хэмжээг бууруулах, хүрээлэн буй орчныг хамгаалах, эдийн засгийг хөгжүүлэх хүчин чармайлтынхаа хүрээнд бид арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсээр байх болно. Бид дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн асуудалтай тулгараад байгаа билээ. Тийм учраас хуванцар хог хаягдлыг бууруулахад хамтран ажиллах хэрэгтэй” хэмээн Шотландын сайд нарын танхимын хүрээлэн буй орчны асуудал эрхэлсэн нарийн бичгийн дарга Розанна Каннингем ярьжээ. 


“Science” сэтгүүлийн мэдээлснээр, 2015 онд дэлхий дахинд 6.3 тэрбум тонн хуванцар хог хаягдал гарснаас 9-хэн хувийг нь дахин боловсруулж, 12 хувийг нь шатаасан бол үлдсэн 79 хувь нь хаягдал хэлбэрээрээ байсаар байгаа аж. Энэ байдлаараа 2050 он гэхэд хуванцар хог хаягдлын хэмжээ 12 тэрбум тоннд хүрч болзошгүй байна. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг