Н.Жавхлан
12 сарын 31, 2024
Он солигдох мөч бол зөвхөн цаг хугацааны өөрчлөлт, шилжилт төдий зүйл бус харин ч хүн бүрийн амьдралд шинэ эхлэлийн дохиог өгдөг “шидэт” баяр юм.
Энэхүү догдлол дүүрэн баярыг улс орон бүр өөрсдийн ёс уламжлалын дагуу тэмдэглэн өнгөрүүлдэг. Мөн сонирхолтой домын аргуудын ч ашигладаг байна. Уншаад заримыг нь хэрэгжүүлээд үзэхийг танд зөвлөе.
Орныхоо доор тавьсан төмсөөр санхүүгийн байдлаа шинждэг онцгой уламжлал
Колумбчууд оны сүүлийн өдөр орныхоо доор хальстай, хальсгүй, хагас хальсалсан гурван ширхэг төмс тавьж унтдаг уламжлалтай.
Шөнө дунд болоход тэд орон доороо тавьсан төмсөөс нэгийг нь авч дараа жилийнхээ санхүүгийн байдлыг тодорхойлдог. Мэдээж аль харахгүй байхын тулд нүдээ анин гараараа тэмтэрнэ. Хэрвээ хальстай төмс атгавал санхүүгийн асуудалтай гарах эрсдэлтэйг, хальсгүй нь хөгжил цэцэглэлтийг, харин хагас хальстай нь гацсан байдалд орж болзошгүйг илтгэдэг хэмээн итгэдэг байна.
Мөн ирэх жилдээ олон орноор аялахаар төлөвлөж байна уу. Тэгвэл колумбчууд энэ хүслээ зөгнөдөг өвөрмөц нэгэн уламжлалтай. Тэд оны сүүлийн өдөр чемоданаа чирч гудамжаар алхах аялах домоо хийдэг байна.
Шумбагч онгоцоор хүргэгддэг мөсөн доорх гацуур
Та өмнө нь усан доорх гацуур модны талаар сонсож байсан уу? Сонсоход ч итгэмээргүй байгаа биз. Тэгвэл сүүлийн 25 жилийн турш Байгал нуурын гүнд гацуур засаж буй. Гацуурыг шумбагч онгоцоор хүргэж, өвлийн өвгөн болон цасан охин 30 метрийн гүнд байрлах гацуур модыг чимэглэдэг. Энэхүү онцгой гацуурыг харах гэж дэлхийн өнцөг булан бүрээс жуулчид хүрэлцэн ирдэг ажээ.
Өнөр өтгөн гэр бүлтэй болохыг бэлгэдэж улаан дотуур хувцас өмсдөг
Италид жил бүрийн сүүлийн өдрөөр улаан өнгийн дотуур хувцас өмсдөг уламжлал бий. Учир нь италичууд улаан өнгийг үржил шимийг бэлгэддэ гэж үздэг байна. Иймээс ирэх ондоо өнөр өтгөн гэр бүлтэй болно хэмээн улаан дотуур хувцас өмсдөг гэнэ. Магадгүй та ч гэсэн үүнийг туршиж үзэж болно шүү дээ.
Европын орнуудын 13 хүслийн дом
Европчууд он дуусахаас 13 өдрийн өмнө чин сэтгэлээсээ хүсэж буй 13 хүслээ бичиж тусгай саванд хийж хонуулдаг. Орой бүр нэг хүслээ шатаах бөгөөд жилийн хамгийн сүүлийн өдөр шатаагүй үлдсэн нэг хүсэл нь таны өөрийн хичээж биелүүлэх үүрэг даалгавар юм. Харин шатаасан 12 хүслийг орчлон ертөнц биелүүлж өгнө хэмээн итгэдэг аж.
Хуучин он шувтарч, шинэ он эхлэх мөчид хүн бүрийн сэтгэлд баяр хөөр, итгэл найдвар, догдлол төрдөг. Энэ жил тийм ч сайн байгаагүй бол тэр нь асуудал биш шүү. Харин дараа жил алдаагаа засаж, улам илүү хичээх зоригтойгоор шинэ оноо эхлүүлээрэй.
Эх сурвалж
25 Unique New Year's Eve Traditions From Around the World — Best Life
TIME | Current & Breaking News | National & World Updates
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.