Өнгөрсөн баасан гарагт "Bentley", "Porsche" зэрэг тансаг зэрэглэлийн автомашин Атлантын далайгаар тээвэрлэн явсан ачааны хөлөг онгоцонд гал гаржээ.

Тодруулбал Португалийн баруун өмнөд хэсгийн Атлантын далайд хөвж явсан "Panama Shipping Facility Ace" хөлөгт гал гарсан байна. 

Гал хурдан хугацаанд хөлөг онгоц даяар тархсан тул усан онгоцны багийнхан яаж ч чадаагүй байна. Багийнхан аврах дохио илгээж Португалийн Тэнгисийн цэргийн хүчин нисэх онгоц, хөлөг онгоц илгээж, багийн 22 гишүүнийг аюулгүйгээр аварсан байна.

Одоогоор хөлөг онгоц Атлантын далайд ямар ч удирдлагагүй тэнүүчилж, шатсаар байна. Гибралтар болон Нидерландаас тус хөлгийг чирэн авчрах гурван хөлөг онгоц хөдөлсөн байна. Тэд нөгөөдөр буюу хоёрдугаар сарын 23-нд шатсан хөлөгт хүрэх аж.

200 орчим метр урт 17 мянган тоннын даацтай уг хөлөг онгоц "Bentley", "Porsche", "Lamborghini", "Audi", "Volkswagen" зэрэг 4000 автомашин тээвэрлэн явсан юм. 

Мөн багагүй тооны цахилгаан автомашин тээвэрлэж байсан тул цахилгаан машинд суурилуулсан лити-ион батарейн шатснаас галыг унтраахад тусгай төхөөрөмж шаардлагатай болсон байна.

Тус хөлгийн оператор Японы Mitsui O.S.K. Line (MOL) одоогоор албан ёсны мэдэгдэл хийгээгүй байна. Галын шалтгаан ч тодорхой болоогүй байгаа юм. Португалийн тэнгисийн цэргийн эргүүлийн завь хөлөг онгоцны эргэн тойрон дахь аюулгүй байдлыг ажиглаж байгаа гэнэ.

Эх сурвалж: CNN