ОХУ-аас манай улсад нийлүүлж буй хилийн үнэ буурсантай холбогдуулан 2018 оны 12 дугаар сарын 7-ны өдрөөс эхлэн Аи-92 автобензин улсын хэмжээнд 100 төгрөгөөр буурсан.  Тэгвэл 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн Аи-80, Аи-92 автобензиний жижиглэнгийн үнэ Баян-Өлгий, Говь-Алтай, Баянхонгор аймгуудаас бусад аймаг, хотуудад 45-50 төгрөгөөр тус бүр буурлаа.

Ийнхүү Аи-92  шатахууны үнэ нийтдээ 150 төгрөгөөр буураад байна. Цаашид ч 2019 оны 1 дүгээр сарын хилийн үнэ буурсантай холбогдуулан шатахууны жижиглэнгийн үнэ үе шаттайгаар буурах бололцоо бүрдээд байна. ОХУ-ын “Роснефть” компаниас нийлүүлж буй шатахууны 2019 оны 1 дүгээр сарын хилийн үнэ өмнөх сартай харьцуулахад бүтээгдэхүүний төрлөөс хамааран тонн тутамдаа  86-107 ам.доллароор буурч, Аи-92 автобензин 531 ам.доллар/тн, дизелийн түлш 599 ам.доллар/тн болоод байна.

 

Түүхий газрын тосны үнэ баррель нь 45,21-57,74 ам.долларын хооронд хэлбэлзсэн байна

Өнгөрсөн долоо хоногт олон улсын томоохон биржүүд дээр нэг тонн түүхий газрын тосны үнэ 352.77-438,71 ам.доллар/тн буюу баррель нь 45,21-57,74 ам.доллар ($)-ын хооронд хэлбэлзсэн байна.

Олон улсын зах зээлийн шинжээч “Genscape”агентлагийн  судалгаагаар АНУ-ын Оклахома мужийн Кушинг /Cushing/ байрлах газрын тосны агуулахад 2018 оны 11 дүгээр сарын 1-14-ний өдрийн хооронд түүхий тосны нөөцийн хэмжээ 1 сая баррелиар нэмэгдсэн нь олон улсын зах зээл дээрх түүхий тосны нийлүүлэлт өндөр байна гэжг дүгнэсэн бөгөөд энэ нь олон улсын зах зээл дээрх нефтийн үнэ буухад хүргэсэн гэж олон улсын шинжээчид дүгнэж байна.

2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн арилжаагаар “Brent” төрлийн газрын тосны үнэ тонн нь 408,47 ам.долл /баррель нь 53,76 ($)/, “WTI” төрлийнх 355,74 ам.долл /баррель нь 45,59($)/ ханштайгаар хаагдсан нь өнгөрсөн долоо хоногийн үзүүлэлттэй харьцуулахад “Brent” түүхий тос 10,89 хувь, “WTI” төрлийн түүхий тос 10.96 хувиар тус тус буурсан байна.