Капитал банкийг өчигдөр албан ёсоор татан буулгасан. Үүнтэй холбоотойгоор тус банкинд байршуулсан сангуудын мөнгө, иргэдийн хадгаламж зэргийг хэрхэн шийдвэрлэх талаарх асуудал яригдаж байна. 

Энэ талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг "Хуулиар иргэдийн хадгаламжийг Даатгалын сан хариуцдаг. Төлбөр барагдуулах ээлжийг Монголбанк тогтоох эрхтэй. 

Монголбанкны удирдлагуудтай ярьсан. Эхний ээлжид иргэдийн хадгаламжийг барагдуулах арга хэмжээ авна. Хоёр дахь ээлжид сангуудын хөрөнгийг барагдуулах арга хэмжээ авна гэсэн ойлголттой байна.

Тиймээс удахгүй Монголбанкны хүлээн авагчтай бид нийгмийн даатгалын сангийн эрсдэлийг ямар хугацаанд барагдуулж дуусах вэ гэдэг график, хуваарийг гаргана.  Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас 7 тэрбум төгрөгийг 2015 онд тус банкинд байршуулсан байдаг. Үүнээс сүүлийн хагас жилийн хугацаанд бид ярьсаар байгаад 6 тэрбум төгрөгийг нь барагдуулсан.  Одоо 1.2 тэрбум төгрөгийн үлдэгдэл байгаа. 

Намайг ажил хүлээж авахад Нийгмийн даатгалын сангийн 280 орчим тэрбум төгрөгийг Капитал банкинд байршуулсан байсан. Гэрээнд өөрчлөлт оруулж зарим мөнгийг буцааж авснаар одоо Капитал банкинд тус сангийн 101 орчим тэрбум төгрөгийн үлдэгдэл байгаа. 

Энэ асуудлыг Монголбанк хүлээж авсан учраас Нийгмийн даатгалын сангийн 101 тэрбум төгрөгийн үлдэгдлийг ямар хугацаанд барагдуулах вэ гэдэг графикийг Монголбанкны хүлээн авагчтай байгуулна. Гаргасан графикийн дагуу Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг буцаан төлөх арга хэмжээ авна. Сан дээр ямар ч эрсдэл үүсэхгүй" хэмээлээ.