УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Сонгуулийн ерөнхий хорооны гишүүдийг томилохыг дэмжлээ

Сонгуулийн төв байгууллагын тухай хуульд Сонгуулийн ерөнхий хорооны гишүүдийн тавыг Төрийн байгуулалтын байнгын хороо, хоёрыг Монгол Улсын Ерөнхийлөгч, хоёрыг Улсын дээд шүүх төрийн жинхэнэ албан хаагчдаас санал болгосноор Улсын Их Хурал зургаан жилийн хугацаатай томилохоор заасан. 

Энэ үндсэн дээр Сонгуулийн ерөнхий хорооны орон тооны бус гишүүн Р.Содхүү, Ө.Энхтөр нарыг хүсэлтийнх нь дагуу чөлөөлж, С.Баатаржав, Б.Баасандорж нарыг Сонгуулийн ерөнхий хорооны орон тооны бус гишүүнээр томилуулахаар Төрийн байгуулалтын байнгын хорооноос санал болгож буйг тус Байнгын хорооны дарга С.Бямбацогт хуралдаанд танилцуулав.

С.Баатаржав нь Цагдаагийн ерөнхий газрын даргаар ажиллаж байгаа бол Б.Баасандорж Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргаар ажиллаж байгаа, төрийн ажлын дадлага туршлагатай, мэргэшсэн төрийн жинхэнэ албан хаагчид юм.

Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь С.Баатаржав, Б.Баасандорж нарыг Сонгуулийн ерөнхий хорооны орон тооны бус гишүүнээр томилохыг дэмжиж, энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар тогтов. Мөн Р.Содхүү, Ө.Энхтөр нарыг Сонгуулийн ерөнхий хорооны орон тооны бус гишүүнээс чөлөөлөхөөр болов.