АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Саудын Арабын сэтгүүлч Жамаль Хашоггийн аллагын талаархи дуу бичлэгийн талаар товч мэдээлэл хийсэн боловч үүнийг өөрийн биеэр сонсохгүй гэж мэдэгджээ.

Тэрбээр ням гарагт телевизийн “Fox News” сувагт мэдээлэхдээ, “Би уг бичлэгийг сонсохыг хүсэхгүй байна. Энэ бол аймшигтай бичлэг. Би үүнийг сонсоогүй ч ямар бичлэг байгааг нь таамаглаж байна” гэжээ.

АНУ-ын Тагнуулын төв газраас уг аллагын хэрэгт Саудын Арабын угсаа залгамжлах хунтайжийг буруутгасан мэдэгдлийг гаргасан боловч Цагаан ордноос энэ талаар баталсан мэдэгдэл хийгээгүй байгаа юм.

Харин Саудын Арабын талаас хунтайж Мохаммед бин Салман энэ хэргийн талаар огт мэдээгүй хэмээн үгүйсгэж, уг мэдээллийг няцаасаар байна.

Саудын Арабын засгийн газрыг хүчтэй шүүмжлэгч нэгэн байсан сэтгүүлч Ж.Хашогги нь өнгөрсөн 10 дугаар сарын 2-нд Туркийн нийслэл Истанбул хотод суугаа Саудын Арабын Консулын газарт гэрлэлтийн бичиг баримт бүрдүүлэхээр орсны дараа амиа алдсан юм.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, BBC.com