Б.Баясгалан
06 сарын 28, 2019
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 26 дугаар хуралдаан өчигдөр боллоо. Тус хуралдаанаар “Нийслэл хотын шуудын 2018 оны төсвийн гүйцэтгэл” батлах, “Нийслэлийн 2019 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай” хэлэлцэв.
Уг асуудлыг нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан танилцуулсан юм.
Тэрбээр “Өнгөрсөн 2018 оны төсвийн орлогын гүйцэтгэл 40.5 тэрбум төгрөгөөр буюу 3.4 хувиар давж биелсэн дүнтэй гарсан. Нийслэлийн төсөвт төвлөрч буй төсвийн орлогын төлөвлөгөө 43.8 тэрбум төгрөг буюу 5.3 хувиар давж биелсэнээс татварын орлогын төлөвлөгөө 36 тэрбум төгрөгөөр, татварын бус орлого 7.8 тэрбум төгрөгөөр тус тус давж биелсэн дүнтэй байна. Улсын төсвийн тусгай зориулалтын шилжүүлэг, орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангаас нийслэлд хуваарилах орлого нь 100 хувь төвлөрсөн байна.
Нийслэлийн 2018 оны төсвийн нийт зарлага нэг их наяд 182.3 тэрбум төгрөг. Үүнээс орон нутгийн төсвийн байгууллагуудын нийт зардлын төлөвлөгөөг 778 сая төгрөгөөр баталж, 715.9 тэрбум төгрөгийг зарцуулсан. Тусгай шилжүүлгийн төсвийн байгууллагуудын нийт зарлагын төлөвлөгөөг 364.2 тэрбум төгрөгөөр баталж, 357.9 тэрбум төгрөгийн гүйцэтгэлтэй байна. Нийслэлээс улсын төсөвт шилжүүлэх 208.5 тэрбум төгрөгийг бүрэн шилжүүлсэн. Нийт зарлагын 996.8 тэрбум төгрөг нь урсгал зардалд, 285.5 тэрбум төгрөг нь хөрөнгийн зардалд зарцуулсан” хэмээлээ.
Уг асуудалтай холбогдуулан төлөөлөгчид асуулт асууж, санал хэлэв. Тухайлбал, төсвийн хөрөнгөөр хийж гүйцэтгэж байгаа ажлын чанар, үр өгөөжид анхаарах шаардлага байгааг хэлсэн. Мөн төсвийн хөрөнгөөр хийж гүйцэтгэж буй тохижилт бүтээн байгуулалтын ажлын чанар, насжилтад анхаарахгүй бол үргүй зардал болж, нийслэл хотын өнгө үзэмж, аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж буйг ч төлөөлөгчид саналдаа хэлж байлаа.
Хуралдааны төгсгөлд өнгөрсөн оны төсвийн гүйцэтгэлийг баталж, энэ оны төсөвт өөрчлөлт оруулах тухай тогтоолыг батлан гаргалаа.
Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.