Манай улс өнөөдөр ердийн хэрэглээний 38 хоногийн газрын тосны бүтээг­дэхүүний нөөцтэй байна. Энэ талаар болон шатахууны импортлогчид үнээ өсгөсөнтэй холбоотойгоор Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар тайлбар хийсэн байна. 

Тэрбээр “Манай улс хувьчилж болохгүй салбараа хувьчилсан нь үүсээд байгаа шатахууны хомсдол болон үнийн өсөлтийн шалтгаан юм. Цаашдаа “Роснефть”-ийг Монголд оруулж ирснээр төр хариуцаад ажиллах бүрэн боломжтой. Бид шатахуун импортлогчдын шанаажинд орох ёсгүй” гэв. 

Одоогоор Роснефть компанийн удирдлагуудтай хэд хэдэн уулзалт хийгээд байгаа бөгөөд манай улсад нааштайгаар шийдэх хариу хэлсэн гэдгийг сайд дуулгалаа.Уг асуудлаар энэ сарын 22-27-нд Орос, Монгол улсын Засгийн газар хоорондын хурал болох юм. Энэ үеэр тус компанийн шатахуун түгээх станцыг оруулах чиглэлийн ажлыг дэлгэрэнгүй ярилцаж, гэрээ байгуулах ажээ.

Харин хуульчид хуулийн дагуу "Роснефть" компани Монголд салбараа нээх боломжгүй хэмээн үзэж буй. Учир нь Газрын тосны хуулийн 3 дугаар бүлгийн 7,2-д Монгол Улсад газрын тосны бүтээгдэхүүний 30-аас дээш хувийг дангаараа нийлүүлж байгаа гадаадын хуулийн этгээд дотоодын зах зээлд өөрийн хөрөнгө оруулалт бүхий хуулийн этгээд болон өөрийн харьяалал, хяналтад байдаг нэгжээрээ дамжуулан бүтээгдэхүүнээ борлуулахыг хориглоно гэж заасан байдаг байна.