Р.Сайхан-Уул
03 сарын 16, 2021
EQ нь IQ-аас илүү амжилтад хүрэх, тогтвортой хөгжих, амгалан амьдрах үндэс болдгийг эрдэмтэд тогтоосон. Чухам яаж...,
Монголын сэтгэлзүй сэтгэц хэмжилзүйн үндэсний хүрээлэнгийн сэтгэл зүйч Япон улсын Кюшүгийн их сургуулийн докторант П.Мягмаржаргалыг “АЙЛГЭР" подкастдаа урьж ярилцлаа. Нийслэлийн ГБХЗХГ, Васт продакшн, “Амгалан дэлхий” ТББ хамтран ажиллав.
-Бидний урилгыг хүлээн авсан танд баярлалаа. Юуны өмнө өөрийгөө манай уншигч сонсогчдод танилцуулаач. Япон улсад докторын зэргээ хамгаалахаар суралцаж байгаа гэсэн хэр удаж байна?
-Баярлалаа. Би анх Хүмүүнлэгийн ухааны их сургуульд англи хэлний багш мэргэжлээр суралцаж байсан. Багшийн мэргэжил сонгон суралцаж байгаа оюутнуудад сэтгэл судлалын хичээл ордог байсан. Тухайн үед Монголын сэтгэлзүй сэтгэц хэмжилзүйн үндэсний хүрээлэнгийн захирлаар ажиллаж байсан Жавзан сэтгэл зүйч, бидэнд хичээл заадаг байсан. Тэр үеэс энэ мэргэжлийг сонирхон судлах болсон. Ингээд 2006 онд Энэтхэг улсад суралцах боломж гарч Банглор их сургуульд сэтгэл судлаач мэргэжлээр суралцаж төгссөн. Буцаж ирээд Хүмүүнлэгийн ухааны их сургуульдаа ажиллаж байгаад 2016 оноос Япон улсад ирээд Кобигийн их сургуульд хоёр жил судлаач оюутан байж байгаад 2018 оноос Кюшүгийн их сургуульд нийгэм соёл судлалын чиглэлээр магистр хамгаалаад одоо докторантурт суралцаж байна.
-Таны судалж байгаа нийгэм соёл судлалын салбар та бид хоёрын ярилцах EQ буюу сэтгэл хөдлөл оюун ухааны салбартай холбоотой юу?
Холбоотой. Хүн тухайн нийгэмдээ, тухайн соёлдоо бүх л сэтгэцийн үйл явцаараа оролцож хөгжиж байдаг. Гэхдээ хүн бүр харилцан адилгүй, өөр өөр. Тэгэхээр аль үед ижил төстэйгөөр хөгжиж байна, ямар үед өөр өөр байна гэдгийг судалдаг учраас нийгэм соёл судлал маань EQ буюу сэтгэл хөдлөл оюун ухааны салбартай холбоотой.
-EQ гэхээр хүмүүс юуны тухай ярьж байгааг гадарладаг болж. Гэхдээ яг нарийн мэдэж байгаа нь ховор. Тэгэхээр яг юу гэсэн үг вэ гэдгийг тайлбарлаж өгнө үү?
-10 жилийн өмнө ярихад хүмүүс тэр болгон мэддэггүй байлаа. Харин өнөөдөр бага ч гэсэн ойлголттой болсон. IQ гэдэгтэй ойролцоо тэмдэглэдэг учраас юуны тухай вэ гэдгийг ойлгоод байна. EQ гэдэг маань Emotional Quotient гэсэн үгийн товчлол. Бид сэтгэл хөдлөлөө удирдах чадамж гэж оруулаад байна. Хүнд олон төрлийн оюун ухаан бий.
Үүний нэг нь мэдээж бид бүхний мэдэх IQ буюу оюун ухааны чадамж, нэг нь EQ буюу сэтгэл хөдлөлөө удирдах чадамж гэж ойлгож болно.
-Хүн амжилтад хүрэхэд IQ нь 15-25 хувь, EQ нь 75-85 хувийн үүрэг гүйцэтгэдэг гэсэн мэдээллийг уншиж байсан юм. Тэгэхээр яагаад EQ чухал болох талаар ярилцъя.
-Хүн төрөлхтөн оюуны чадамж буюу IQ-г ихэнх хугацаанд чухалчилж байсан. Харин 1970-аад оноос EQ –гийн талаар сонсогдох болсон. Ингэж явсаар 1990 онд Питер Саловей, Жон Мейэр нарын сэтгэл хөдлөлөө удирдах чадамж /EQ/ хэмээх нэршлийг анх гаргасан. Энэ тухай сэтгүүлч зохиолч Даниэл Гоулман 1995 онд “Emotional Intelligence”номыг хэвлүүлж сэтгэл хөдлөлийн чадамжийн талаар дэлхий нийтэд таниулсан.
EQ гэдэг нь бусад хүмүүсийг юу хөдөлгөж идэвхтэй байлгадаг болон тэдэнтэй хэрхэн хамтарч ажиллахыг ойлгож мэдрэх чадварын хэмжээ юм. IQ буюу оюуны чадамжийн коеффифентийг бүгд мэддэг. Гэхдээ амьдрал дээр заримдаа EQ нь IQ-ээс ч илүү амжилтад хүрч сайхан амьдрахад тусалдаг тухай тухай сүүлийн үед их ярих болсон.
Яагаад гэхээр Даниэл Гоулман өөрийн ажиглалт судалгааны үндсэн дээр “IT-ийн салбарт ажиллаж байгаа залуучуудаас IQ тест авах юм бол өндөр оноо авна. Гэвч энэ салбарт ажиллаж байгаа залуучууд өөрийн гэсэн компани байгуулаад амжилтад хүрсэн нь цөөхөн. Бусад нь тодорхой төвшинд гацаад гүйцэтгэгчийн үүрэгтэй ажиллаад байна вэ гэхээр өөр өөрийнхөө сэтгэл хөдлөлийг ажиглах, бусдын сэтгэл хөдлөлийг мэдрэх удирдах чадамж нь сул байгаатай холбоотой” гэж тайлбарласан.
Хүмүүс, аж ахуйн нэгжүүд яагаад энэ талаар сонирхон судлаад эхлэв гэхээр хувь хүний эзэмшсэн мэргэжлээс гадна бусадтай харилцах, бусдыг ойлгох, мэдрэх чадвар хувь хүнд ч байгууллагад ч чухал учраас EQ-г сонирхож байна.
Байгууллага гэдэг бол организм. Тэр организм бие биетэйгээ органик харилцаатай байж хөгжинө. Тэгэхгүй тус тусдаа мэргэжлийн ур чадварын цуглуулга болчхоод хөгжинө гэж байхгүй. Тийм учраас менежмент, хүний нөөцийн салбарынхан энэ чиглэлээр судалж эхэлсэн. Мэдээж суурь судалгааг сэтгэл судлаачид өргөн хүрээнд хийж байгаа.
-EQ сайтай хүн гэж хэнийг хэлэх вэ. Хүн өөрийгөө тодорхойлохын тулд өөрөөсөө юу гэж асуух хэрэгтэй вэ?
-Шинжлэх ухааны үүднээс хэмжиж болох зүйл гэж үздэг. IQ-ийн төвшин тогтоох текст авдагтай адил EQ-ийн төвшин тогтоох текст байна. Манай хүрээлэн дээр хүүхэд, насанд хүрэгч гэсэн ангиллаар энэ чиглэлийн сорилт авах текстүүд бий.
Өөрийгөө болон бусдыг тодорхойлохын тулд дөрвөн үндсэн асуулт байна.
Нэгдүгээрт өөрийнхөө сэтгэл хөдлөлийг таних, ойлгох,
Хоёрдугаарт өөрийнхөө сэтгэл хөдлөл дээр хэр менежмент хийх чадвартай байна вэ,
Гуравдугаарт бусдыг ойлгох, бусдын оронд өөрийгөө тавьж дүгнэх чадвар хэр байна вэ,
Дөрөвдүгээрт бусадтай харилцаа үүсгэх чадвар ямар байна вэ гэдгийг харж үзнэ.
-Одоо ажилд ороход зарим байгууллагууд EQ текст авдаг болсон. Бусад оронд ямар байдаг юм бол. Тухайлбал, Япон улсад?
-Улс орон болгонд, аж ахуйн нэгж бүрд хүний нөөцийн сонгон шалгаруулалтын процесс өөр өөр байдаг байх. Япон улсын тухайд цэвэр ярилцлага дээр тулгуурлан ажилтнаа авдаг. Зарим байгууллагууд EQ текст авдаг болсон. Барууны орнуудад бол мэргэжлийн болон бусад чадваруудыг тодорхойлох текст авдаг.
Манай улсад бол EQ –ийн тест авах, ажилтнуудаа энэ чадварт сургах хүсэлтэй хүний нөөц, захирал удирдлагууд хүрээлэнтэй хамтран ажилладаг.
-Та EQ шалгах дөрвөн үндсэн асуудлын талаар ярьсан. Энэ чадварыг эцэг эхчүүд хүүхдүүдээсээ ажиглаж болно гэж санагдлаа. Магадаггүй дутагдал байвал засаж хөгжүүлэх ч боломж байгаа байх?
-Маш зөв асуудал хөндөж байна. Яагаад гэхээр сэтгэл хөдлөлийн оюун ухаан хүүхэд наснаас хөгжиж эхэлдэг. Хамгийн түрүүнд хүүхэд сэтгэл хөдлөлөө таньж мэдэх чадвараа олж авдаг. Манай эцэг эхчүүд энэ талаар мэдэхгүйгээсээ болж миний хүүхэд юунд дуртай, ямар үед ямар үйлдэл гаргадаг, хүнтэй, найз нөхөдтэйгөө харилцахдаа яадаг тухай тэр бүр анзааралгүй явсаар нэг л мэдэхэд их, дээд сургуульд орж мэргэжил боловсрол сонгох цаг болчихдог.
Тэгэхээр хамгийн эхэнд өөрийнхөө мэдрэмжийг нэрлэж сурах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, уйтгарлаад байна уу, гуниглаад байна уу, уурлаад байна уу, хөөрөөд байна уу, баярлаад байна уу гэдгээ ялгах хэрэгтэй. Үүнд эцэг эхийн туслалцаа их байх нь.
-Хүүхэдтэйгээ ярилцаж ямар мэдрэмж төрөөд байгааг нь ойлгуулах нь байна. Тийм ээ?
-Тийм. Манайхан хүүхдээ уурлаж бухимдсан үед нь нэг бол загнаад, үгүй бол аргадаад чихэр өгнө, утсаа өгнө. Тэгээд л орхидог. Тэгвэл бидний энэ ярилцлагыг уншиж байгаа хүн бол тэгэхгүй нь байна шүү.
Яах вэ гэхээр хамгийн түрүүнд хүүхэдтэйгээ ярилцана.
Тэгээд ямар мэдрэмж төрж байгааг нь олж мэдэх, хүүхдээрээ нэрлүүлж сурах нь хамгийн эхний алхам байх нь. Бага насны хүүхдүүдтэй ярилцахдаа “миний хүүгийн, миний охины уур нь хаана байна, бие нь яаж байна” гээд асуух хэрэгтэй. Хүүхэд өөрт байгаа мэдрэмжээ аяндаа хуваалцах болно. Ингээд ирэхээр хүүхэд биетэйгээ холбогдож эхэлдэг. Биетэйгээ холбогдоод ирэхээр олон давуу талууд гарч ирнэ.
Хүүхэд хоёр гурван ой хүрсэн ч гэсэн өмдөндөө, орондоо шээх тохиолдол байдаг. Тэр нь биеэсээ ирж байгаа дохиог анзаарч мэдэхгүй байгаатай холбоотой. Шээх дохио ирсэн ч гэсэн ямар хариу үйлдэл хийхээ мэдэхгүй байна гэсэн үг. Тэгэхээр сэтгэл хөдлөлөө таньж мэдэх нь биетэйгээ холбохоос эхэлдэг байх нь.
-Хүүхэдтэйгээ ярилцаад сэтгэл хөдлөлийг нь нэрлүүлж, мэдрүүлэх нь эцэг эхчүүдийн эхний алхам байх нь. Сэтгэл хөдлөлийг нь танин мэдлээ, нэрлүүллээ дараа нь яах вэ?
-Таны охин цэцэрлэгээсээ ирэхдээ тэр найз маань надтай тоглохгүй гэсэн. Маргааш би тэрэнтэй тоглохгүй гэх нь автомат хариу үйлдэл. Ийм нөхцөлд эцэг эхчүүд “чиний найз яагаад тэгсэн юм бол, чи ямар найз баймаар байна” гээд ярилцана. Хүүхэд энэ үед яах ёстойгоо ойлгож эхэлнэ. Тэгээд төгсгөлд нь миний охин найзаасаа уучлалт гуйгаад тэр тоглоомоороо хамт тоглох нь байна шүү гээд тохиролцвол хүүхэд маргааш очоод зөв хариу үйлдэл үзүүлнэ. Чамайг өчигдөр надтай тоглоогүй болохоор чинь гомдсон шүү гэж хэлж сурах нь байна. Цаашлаад бусдыг ойлгож мэдэрч эхэлнэ гэсэн үг.
-Уураа барьж сурах, учир шалтгааныг олох нь чухал гээд томчууд дээр ч яригддаг. Уурлаж бухимдах нь сэтгэл хөдлөлийн нэг илрэл мөн үү?
-Ихэвчлэн уурлах гэдэг сэтгэл хөдлөлийн хоёр дахь ч үйлдэл байдаг. Уурлахаас өмнө өөр сэтгэл хөдлөл байдаг байх нь. Гомдсоноосоо, урам хугарснаас, шударга бус хандлагаас гээд өөр өөр учир шалтгаанаар уурладаг. Тэгэхээр хоёр дахь ч буюу уурлаж байгаад нь хариу үйлдэл үзүүлэх нь буруу байх нь. Өөрөөр хэлбэл, дээрх жишээн дээр ярихад хүүхэд тэр надтай тоглоогүй, би маргааш тоглохгүй гээд уурлаж байхад нь зөв миний охин тэр муутай маргааш битгий тоглоорой гээд орхих нь буруу. Урам хугарсан бол урам хугарсантай холбоотой хариу үйлдэл үзүүлэх хэрэгтэй. Зөвхөн уурлаж байгаатай нь хариу үйлдэл үзүүлээд байх нь буруу зам руу яваад байна аа л гэсэн үг.
Тэгэхээр уур бухимдал төрж байгаа үед өөрөөсөө асуух нь байна. Би яагаад уурлаад байна, ойр дотно байгаа хүн чинь уурлаж байгаа бол тэр яагаад уурлаад байна вэ гэдгийг асууж тодруулж, ярилцах хэрэгтэй. Ингээд хариу үйлдэл нь зөв гарна.
-Бага наснаас нь бусдыг ойлгох чадварыг эзэмшүүлэхийн тулд яах ёстой вэ?
-Хүүхэд ямар нэгэн үйлдэл хийхэд аав ээжид нь ямар мэдрэмж төрж байгааг илэрхийлж хэлэхээс эхэлнэ. Бид хүүхдэдээ гомдсон үедээ уурлаад, загнаад өнгөрдөг. Тэр үед хүүхэд ээж ийм учраас уурлаад загнаад байгаа юм байна гэдгийг ойлгохгүй. Тийм учраас “ээж нь чиний тэр үгэнд чиньгомдоод байна шүү” гээд шууд хэлж байх хэрэгтэй. Энэ үед хүүхэд ээж аав ч гэсэн бас гомддог юм байна гээд дахин тийм үг үйлдэл гаргахаас зайлсхийх нь байна. Мөн хүүхдээ сонсож сурах хэрэгтэй.
Учир шалтгааныг нь сонсох, ярилцах гэдэг бол хамгийн чухал. Бага насны хүүхдүүд хоорондоо зодолдох бие биенээ гэмтээх тохиолдол гардаг. Энэ үед эцэг эхчүүд зодсон ах эгчийг нь шууд загнах, зарим тохиолдолд зодох нь элбэг. Ийм үед хүүхэд бусдыг мэдрэх мэдрэмжээ алдаж байдаг.
Тэгэхээр эхлээд уйлаад өвдөж байгаа хүүхэдтэйгээ ярилцана. Хаана нь өвдөж байна, яаж өвдөж байна, яагаад чамайг цохив гээд асууна. Тэгээд зодуулсан дүүгийн ярианаас ах би яагаад ингэв гэдгээ бодож эхэлнэ. Ингээд ахаас яагаад дүүгээ зодов, зодохгүйгээр яаж асуудлаа шийдэж болох талаар тайлбарлах хэрэгтэй.
Ингэхгүйгээр шууд л загнаад ахыг нь зодоод эхлэх нь тухайн хүүхдийн бусадтай харилцах харилцаа, аав ээж болоод хүүхэдтэйгээ харилцах харилцаанд муу үлгэр дууриал үзүүлнэ гэсэн үг.
-Таны ярьсан жишээ бол маш их байдаг. Бусдын хүүхэдтэй зодолдсон ч гэсэн “өө миний хүүхдийг яаж байна вэ” гээд хэрүүл маргаан өрнүүлэх нь их байдаг. Ийм тохиолдолд ямар хариу үйлдэл үзүүлэх хэрэгтэй вэ?
Хүүхэд хоорондоо зодолдож байгаа үед тухайн маргааныг таслан зогсоох хэрэгтэй. Тэгээд шууд тэр маргаанд орж, аль нэг талд нь ороод буруу зөвийг нь шүүж, уурлаж бухимдахгүйн тулд хамгийн энгийн арга бол тоо тоолох. Тоо тоолохдоо бууруулж тоолох нь үр дүнтэй. Өөрөөр хэлбэл, 5, 4, 3, 2, 1 гээд тоолоход юу хийх ёстойгоо анзаарч, тухайн нөхцөлд тохирсон ухамсартай хариу үйлдэл үзүүлэх нөхцөлийг бүрдүүлдэг.
-Бусдыг ойлгох, бусдын оронд өөрийг тавьж дүгнэх чадварын тухайд?
-Бусдыг ойлгохгүйгээр, бусдыг юу хүсэж байгааг мэдрэхгүйгээр бусадтай үр дүнтэй харилцаа үүсгэнэ гэж байхгүй.
-Хүүхдэдээ энэ чадварыг эзэмшүүлэхийн тулд эцэг эхчүүд юун дээр анхаарах шаардлагатай вэ?
-Гэр бүлийн хоёр хэрэлдэж маргалдахгүй байна гэж байхгүй. Зарим тохиолдолд үр хүүхдийнхээ дэргэд ч гэсэн маргалдаж байдаг.
Гэхдээ хүүхдийн дэргэд хэрэлдэх нь буруу зүйл биш. Бие биенийгээ хараалын үгээр доромжилж, зүхэхгүйгээр үзэл бодол зөрөлдөх үе байж болно. Яагаад гэвэл хүүхэд ч гэсэн бид санал зөрөлдөж болох юм байна гэдгийг мэдэж авдаг.
Аав ээжүүд маргалдаж байгаад эвлэрэхдээ хоёулаа байхдаа эвлэрчихдэг. Энэ нь бас хүүхдэд буруу хандлагыг төлөвшүүлж байдаг. Аан хэрэлдэж байгаад орхиж болдог юм байна гэж бодно. Тэгэхээр тухайн маргааны төгсгөл ч гэсэн хүүхдийн хажууд өрнөх ёстой. Хэн нэгэн нь буулт хийж, уучлалт гуйснаар сайхан уур амьсгал бүрдэж байгаа бол тэрийг бас мэдрүүлэх хэрэгтэй. Эндээс хүүхдүүд бусадтай харилцах харилцаанд суралцаж байдаг.
Хүүхдийнхээ сэтгэл хөдлөлийн оюун ухааныг хөгжүүлэхийн тулд эцэг эхчүүд бие биенийгээ хайрлах, бие биетэйгээ илэн далангүй ярилцахаас л эхэлнэ.
Томчууд бид нар алдаа дутагдал гаргана. Түүнийгээ ухаарч мэдэрснийхээ дараа хэрхэн засах талаар тунгаан бодох ёстой. Бусдаас тусламж авахаар бол авах хэрэгтэй. Тэгэхгүйгээр өөрийгөө учир зүггүй буруутгах, дотроо хадгалах нь маш буруу. Ер нь бол аав ээж байна гэдэг бол амаргүй ажил. Энэ амаргүй ажилд орсон л бол зөв үлгэр дууриал үзүүлэхэд онцгой анхаарах хэрэгтэй.
-Өөр өөрийгөө урамшуулах хэрэгтэй. Таны урагш алхах нэг сэжим болно гэж сэтгэл зүйчид зөвлөдөг. Энэ нь EQ-тэй хэр холбоотой зүйл вэ?
-EQ сайн байгаа өөрийнхөө зорилго тэмүүллийг үйлдэл болгоход маш сайнаар нөлөөлдөг гэж үздэг. Хүн маш их юм хүсэж байдаг. Яагаад гэдгээ ухаж бодох нь ховор. Тэгэхээр бодож ухаараад түүнийгээ мэдэрч байгаа бол үйлдэл болгоход хялбар болж ирнэ. Өөрөөр хэлбэл, би сайн аав, сайн ээж болно гэж бодож байгаа ч гэсэн яагаад ингэж бодов, сайн аав болохын тулд яах ёстой тухай бодохгүйгээр сайн аав болно л гээд байвал магадгүй хэзээ ч сайн аав болж чадахгүй.
-Өөрөө өөрийгөө танин мэдэх нь бүх зүйлийн үндэс суурь нь болж байна гэж ойлгож болох уу?
-Тэгж ойлгож болно.
-Монгол хүмүүсийн IQ өндөр, EQ бага байдаг гэсэн яриа байдаг. Энэ хэр үндэслэлтэй яриа вэ?
-Энэ бол ямар байгууллага, ямар хэмжээнд хэдэн хүн хамруулан судалсан бэ гэдгээс ихээхэн хамаарах зүйл. Мөн ямар текстээр авсан бэ гэдгээс их зүйл шалтгаална. Улс орон бүрийн боловсролын систем, нийгэм соёл өөр өөр байдаг. Миний уншиж мэдсэнээр бол монголчууд IQ-гаараа дэлхийн дундаж л байгаа.
Харин EQ –ийн хувьд монголчууд доогуур үнэлгээ авч байна гэдэг нь үнэний ортой. Манай хүрээлэн EQ тогтоох олон улсын загвар текстээр сорил авдаг.
Ингээд үзэхээр манай улсын үзүүлэлт жаахан доогуур гарсан. Өөрөөр хэлбэл, Английн 15 настай хүүхдүүдийн дундаж 15-18 оноо авч байхад манай улсын хүүхдүүдийн дундаж оноо 13-16 байна. Энэ бол соёл уламжлалтай холбоотой, хоёрдугаарт нийгмийн харилцаанд орохдоо нээлттэй ард түмэн биш учраас зарим талаараа дутуу үнэлгээ авах нь бий.
Мөн суурин иргэншилтэй улс орон, өөрөөр хэлбэл олон зуун жил хот сууринд амьдарсан улс орны нийгмийн соёл хотын соёл гэдэг нь өөрөө хүнээс заавал EQ шаардаж байдаг онцлогтой. Үүнээс гадны барууны улс орнууд боловсролын системдээ EQ хөгжүүлэх бодлого хэрэгжиж байдаг. Энэ мэт олон хүчин зүйл нөлөөлж байна.
-EQ хөгжөөгүй байхын сөрөг тал нь юу вэ?
-Хамгийн наад зах нь өөрийнхөө мэдрэмжийг таньж мэдээгүй хүн ажил мэргэжил сонгох үед алдаа гаргах магадлалтай. Өөрөөр хэлбэл, би юу хийж чадах, ямар ажилтай байвал аж жаргалтайгаар ажиллаж амьдрах вэ гэдгээ сонгоход хүндрэл үүснэ. Цаашлаад карьер өсөх эсэх нь харилцаанаас шалтгаална, найз нөхөдтэй байх эсэх нь харилцаанаас шалтгаална. Мөн найз охинтой, найз хөвгүүнтэй болоход мөн сэтгэл хөдлөлийн оюун ухаан чухал нөлөөлнө. EQ нь сайн хөгжөөгүй ч гэсэн найз охинтой боллоо гэхэд аливаа асуудал тулгарахад үр дүнтэй шийдэхэд хүндрэл үүснэ.
Өөр нэг сөрөг зүйл юу вэ гэхээр сэтгэл зүйн дархлаа муу болж ирнэ.
Сэтгэл хөдлөлийн оюун ухаан нь муу хөгжсөн хүмүүс амьдралдаа тохиолдсон хүндхэн явдлуудаас гарах, ажил төрөл, бизнес нь бүтэлгүйтсэн тохиолдолд эргэн сэргэх сэтгэлийн хүч тэнхээ сул байна.
Харин EQ нь өндөр хөгжсөн хүмүүс стресс бухимдлаас хурдан гардаг, асуудлын шийдлийг зөв олдог. Тэгэхээр хүүхдээ багаас нь сэтгэл хөдлөлийн оюун ухааныг хөгжүүлж сургах нь амьдралд тохиолдох хүндхэн сорилтуудыг даван гарах сэтгэл зүйн дархлааг бий болгож байна гэсэн үг.
-Сэтгэл зүйн хувьд хүнд дарамтад орсон хүмүүс зарим нь өөрийгөө анзаарч эргэцүүлдэг байх. Анзаардаггүй ч хүн байдаг байх. Ийм нөхцөлд яах ёстой вэ?
-Хамгийн түрүүнд би стрерссдээд байна шүү гэдгээ мэдэх нь чухал. Аливаа асуудал гарлаа гэхэд учир шалтгааныг эргэцүүлэхгүйгээр автомат хариу үйлдэл үзүүлсээр яваад том асуудалд орох нь бий. Тэгсэн хойноо бодож эхэлдэг.
Аль эсвэл нойргүй хоноод ирэхээрээ би яагаад байна аа гэж бодож эхэлдэг. Тэгэхээр өвчний эхэн үед нь эмчлэхэд хялбар бөгөөд бага зардал гардаг гэдэгтэй адилхан аливаа асуудал үүслээ. Тухайн үеэс нь л учир шалтгааныг бодож, өөрөө өөртэйгөө ярилцах нь чухал.
Учир шалтгааныг эхэн үед нь олж чадаад ирэхээрээ хүн өөрийнхөө биеийн хэлэмжийг ч уншаад эхэлдэг.
Би стресстэхээрээ уйлах гээд байна. Аль эсвэл бусад руу дайраад эхэлдэг юм байна, юу хийж чадахаа болиод хөшчихдөг юм байна гээд мэдэрч эхэлнэ. Үүнийгээ багаасаа мэдэрсэн хүн бол асуудлын эхэнд өөрийгөө тодорхойлж, зөв, ухамсартай хариу үйлдэл үзүүлнэ. Тухайлбал, спортоор хичээллэх, иог хийх, найз нөхөд, гэр бүлийнхэнтэйгээ агаар салхинд гарах гээд олон аргаас өөрт тохирохыгоо сонгоод стресс бухимдлаа тайлж болно.
Мөн биеэрээ хүрэх нь стрессээс гарах чухал алхам. Миний хувьд стресстэх юм бол хурдхан ойр дотныхоо хүнийг “намайг тэврээрэй” гэдэг. Энэ нь стресстээд байгаа тэр долгионоос гаргаж чаддаг.
-Эмэгтэйчүүд бол стресстэх үедээ ээжтэйгээ, найз нөхөдтэйгөө ярилцаад гаргах нь элбэг. Эрчүүдийн хувьд яах вэ?
-Эрэгтэй хүүхдүүдийг “эр хүн чинь уйлдаггүй юм. Хүчтэй бай” гээд багаас нь хүмүүжүүлдэг. Энэ нь сэтгэл хөдлөлөө илэрхийлэх боломжийг нь хумьж байна гэсэн үг.
Тэгэхээр багаас нь сэтгэл хөдлөлөө илэрхийлэх, өөрт байгаа асуудлаа илэн далангүй ярилцах дадалд сургах хэрэгтэй. Ингэснээр том болоод асуудал гарвал найз нөхдөдөө, эхнэртэйгээ ярьж зөвлөнө. Тийм дадалд сураагүй хүн бол яван явсаар асуудлаа томруулах, аль эсвэл архины хамааралд орох аюултай нүүр тулна.
Эмэгтэй хүүхдүүдийг уурлаж болохгүй, яасан ууртай юм. Инээмсэглэж яв гэх зэргээр хүмүүжүүлдэг. Энэ нь би уурлаж болохгүй юм байна гэсэн бодолд автуулна. Ингээд дотогшоо яван явсаар өөрөө өөртөө итгэх итгэлийг нь бууруулдаг. Уурласан нөхцөлд зохистой илэрхийлэхэд суралцахгүйгээр том болчихдог.
-Хүүхдүүд уур бухимдлаа яаж зохистой илэрхийлэх вэ?
-Хамгийн эхэнд уурлаад байгааг нь мэдрүүлэх, дараа нь биеийн өгүүлэмж нь ямар болж байгааг мэдрүүлэх нь чухал.
Тэгээд хэнд яагаад уурлаж байгааг нь яриулах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, эцэг эхчүүд аливаа асуудлыг ярилцаж шийдэх нь хамгийн чухал гэдгийг ойлгуул. Өөрөө ч гэсэн хүүхдэдээ уурлаж байгаа бол би чамайг тэгсэн учраас уурлаад байна. Уурлахаар надад ийм мэдрэмж төрөөд байна гэж ярилцах нь чухал. Сэтгэл судлаачид ярилцах нь хамгийн шилдэг арга юм байна гэдэг дээр санал нэгддэг.
-EQ дунд сургуульд эзэмшүүлэх, хичээлийн хөтөлбөрт оруулах ёстой гэсэн саналууд байдаг. Таны хувьд юу гэж боддог вэ?
Миний хувьд хичээлийн хөтөлбөрт оруулах, сургуульд энэ чиглэлийн боловсрол олгохыг дэмжиж байна. Япон улсад миний ажигласнаар багш бүр энэ EQ-ийн талаар мэдлэг чадвартай юм шиг санагдсан. Яагаад гэхээр цэцэрлэгт байхаас нь эхлээд чин сэтгэлээсээ ярилцаж байна. “Аан чи уурлаад байгаа юм байна, яагаад уурласан юм, биед нь ямар мэдрэмж төрж байна” гээд сэтгэл судлалын шинжлэх ухааны үүднээс хандаж байгаа нь бүх шатанд EQ –ийн боловсрол олгох арга хэрэглэгдэж байна гэсэн үг. Тэгэхээр нэгдүгээрт багш нартаа энэ тухай ойлголтыг маш сайн өгөх хэрэгтэй. Ийм нөхцөлд заавал тусгай хичээлийн тоо нэмэх шаардлагагүйгээр багш болгон хичээлээ орохдоо, хүүхдүүдтэйгээ харилцахдаа EQ-г нь хөгжүүлэх арга хэрэглэнэ гэсэн үг.
Хоёрдугаарт мөн шинэ хичээл нэмэхгүйгээр иргэний боловсрол, нийгмийн тухай мэдлэг зэрэг хичээлүүдэд орчин үеийн судалгаагаар нотлогдсон зүйлүүдийг оруулж өгөх нь чухал гэж санагддаг. Энэ бол сургууль цэцэрлэгт шууд биш юм аа гэхэд шууд бус хэлбэрээр хичээлийн агуулгад байх ёстой зүйл. Тэгж байж бидний ирээдүй болсон хүүхэд багачууд өөр өөрийгөө таньж мэдсэн, бусдыг ойлгож хүндэлдэг хүн болж өснө.
-Та бидний ярилцах цаг өндөрлөж байна. Миний асуугаагүй үйлдсэн хэлчихмээр санаа байвал сүүлийн хормыг танд үлдээе.
-Энэ бол гэр бүлд зориулсан контент учраас аав ээжүүд өөрсдийгөө ажиглаж сураарай. Надаас ямар автомат үйлдэл гараад байна. Энэ зан чанар хаанаас бий болов гэдгийг ухрааж бодоорой, магадгүй хүүхэд насанд чинь очих байх.
Ямар тохиолдолд ухамсартай үйлдэл хийж байна вэ гэдгээ ч бодож таних хэрэгтэй. Хүн өөрөө өөртэйгөө ярилцаад эхлэхээр суралцах зүйл их гардаг.
Энэ үед нь цахим ертөнцөөс, ном сэтгүүлээс сэтгэл зүйчдийн зөвлөгөө мэдээллийг олж уншаад амьдралдаа хэрэгжүүлэх хэрэгтэй. Хүн болгоны дотор хүүхэд нас нь байж байдаг. Тэр тухайгаа бодоод хажуудаа байгаа хүүхэдтэйгээ ярилцаарай. Энэ зөв дадал чинь гэр бүлээсээ гараад хамт олон дунд хэрэгжинэ, таны ажлын амжилтад ч эерэгээр нөлөөлнө.
Манай хүрээлэнгийн зүгээс аав ээжүүдийг хүлээн авч зөвлөгөө өгдөг. Түүнээс гадна хүүхэдтэй ажилладаг асрамжийн төвийн багш нар, төрийн бус байгууллагын багш нарт сургалт явуулж, зөвлөгөө өгөхийг илүүд үздэг. Мөн байгууллагын хүний нөөцөөр, удирдлагаар нь дамжуулаад аав ээжүүдэд EQ-ийн талаарх ойлголт мэдээлэл хүргэхийг зорьж байгаа. EQ-г сонирхон судалж, танин мэдсэнээрээ сэтгэл хөдлөлөө зөв цагт зөв илэрхийлж сурна. Энэ сонирхолтой сэдвийг сонгон ярилцсан та бүхэнд баярлалаа.
-Бидний урилгыг хүлээн авч сонирхолтой яриа өрнүүлсэн танд баярлалаа.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.