Эцэг эхчүүдэд өгдөг ихэнх зөвлөгөө хүүхдээ хэрхэн буруу зан авиртай хэрхэн тэмцэх вэ тухай байдаг. Энэ нь тустай зөвлөгөө боловч, үүнээс сэргийлэх тухай зөвлөгөө тэр бүр байдаггүй. Хүүхдийн буруу зан авирын цаана хүүхэд сөрөг сэтгэл хөдлөлөө хэрхэн удирдаж чадаж байгаа эсэх байдаг. Хүүхдэд өөрийн мэдрэмжээ таньж, удирдахыг зааж өгснөөр эцэг эх хүүхдээ буруу зан авир, зуршлаас сэргийлж чадах юм. Энэ нь тэдний амьдралд насан туршид нь тус болно. 

Харилцааны судлаач, профессор Жонн Готтманы сэтгэл хөдлөлийн ухаантай хүүхэд өсгөх аргаас хуваалцаж байна. 

#1  Сэтгэл хөдлөлийг таних

Хүүхэд хүмүүжүүлэх, өсгөх гэдэг стресстэйгээс гадна хэзээ ч дуусашгүй ажил билээ. Энэ нь заримдаа бүр марафонд гүйж байгаа юм шиг л санагддаг ч энэ бүхэн бол байдаг л ердийн үзэгдэл юм. Эцэг эх хүүхдийнхээ сэтгэл хөдлөлийг эрт ажиглаж, таньж мэдэх нь маш чухал. Үймүүлэх, хэрэг тарих зэрэг буруу зан үйлдэл гаргах нь хүүхэд ууртай байна гэсэн үг биш юм. Харин хүүхэд бага насандаа өөрийн юу мэдэрч байгааг мэдэхгүй, түүнийгээ хэрхэн сайн илэрхийлэхээ мэддэггүй. Хүүхдэд сэтгэл хөдлөлөө танихыг заахын тулд эцэг эх өөрсдөө сэтгэл хөдлөлөө таних ёстой. Тэгэхгүй бол хүүхэд ээж аавыгаа ямар ч сэтгэл хөдлөлгүй гэж бодож өсөх учраас цаашлаад өөрийгөө мэдрэмж авах бүртээ хэвийн биш байна гэж хүлээж авдаг байна. Үүнээс гадна, хүүхэд сэтгэл хөдлөлөө удирдаж сурахын тулд өөрийн мэдрэмжтэй танилцаж, танил болох ёстой юм. 

#2 Сэтгэл хөдлөлийг хүүхэдтэйгээ дотносох, зааж сургах боломж гэж харах 

Хүүхдийн сэтгэл хөдлөл бол үүссэн таагүй нөхцөл байдал, эсвэл асуудал бэрхшээл биш юм. Энэ бол хүүхэдтэйгээ дотносох, ойртох, тэдэнд ойлгуулах, заах боломж юм. 

#3 Мэдрэмжийг нь сонсож, бататгаж өгөх 

Хүүхдээр өөрөөр нь мэдэрч буй зүйлийг нь дүрсэлж яриулах хэрэгтэй. Мөн ярьж байх үед нь анхааралтай сонсож, мэдрэмжийг нь ойлгохыг хичээх хэрэгтэй. Сонссон зүйлээ нэгтгээд хүүхдэдээ өөрийгөө ойлгож байгааг хэлэх хэрэгтэй. 

#4 Мэдрэмжийг нь нэрлэх 

Хүүхдээ  сонссоны дараагаар, хүүхдийн илэрхийлж ярьсан мэдрэмжид нь тохирох үгийг зааж өгөх ёстой. Ингэснээр хүүхэд дараа нь өөрийн авч буй мэдрэмжтэйгээ улам танил болж, улмаар цаашлаад түүнийгээ үр дүнтэй удирдаж сурах юм. Жишээлбэл, уурлах, айх, гомдох, баярлах, горьдох гэх мэт. 

#5 Хүүхдээ асуудлаа шийдвэрлэхэд нь туслах 

Бүх сэтгэл хөдлөлийг хүлээн зөвшөөрч болох ч, бүх зан үйлдлийг нь зөвшөөрч болохгүй. Хүүхдэдээ асуудал шийдвэрлэх чадвараа хөгжүүлж мэдрэмжтэйгээ хэрхэн уялдаж, удирдахыг сурахад нь туслах хэрэгтэй. Хүүхдэдээ зорилго тавьж өгч, тухайн зорилгод хүрэх шийдлүүдийг олохыг асууж болно.