Peak.mn сайтын редактор Х.Хулан Шүүхийн ерөнхий зөвлөлөөс зарласан сэтгүүл зүйн уралдаанд түрүүллээ

Шүүхийн ерөнхий зөвлөл Европын Холбооны санхүүжилттэй, Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагатай хамтран хэрэгжүүлж буй “Шүүх эрх мэдлийн байгууллагын хамтын ажиллагаа ба ил тод байдал” (2024–2026) төслийн хүрээнд “Хууль ба шударга ёс” сэдэвт тайлбарлах сэтгүүл зүйн бүтээлийн уралдааны шилдгүүдийг шалгаруулж, өнөөдөр шагнал гардуулах ёслолын арга хэмжээг зохион байгууллаа.

Тус уралдаанд ирүүлсэн 12 бүтээлийг Европын Холбоо, Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллага, Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хороо, Шүүхийн академи, Хэвлэлийн хүрээлэн, Глоб Интернэшнл төвийн төлөөллөөс бүрдсэн долоон гишүүний бүрэлдэхүүнтэй шүүгчдийн хороо үнэлж, шилдгүүдийг тодруулав.

Зураг
Тайлбар






Шалгаруулалтын дүнгээр:

  • Нэгдүгээр байр – Peak.mn сайтын редактор Х.Хулангийн “Хүүхдэд ээлтэй шүүх” бүтээл

  • Хоёрдугаар байр – Shugeluleegch.mn сайтын сэтгүүлч Б.Болорсүхийн “Фемидагийн гэрэлд” бүтээл тус тус шалгарлаа.

Шилдэг бүтээлийн шагналыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга П.Золзаяа, Европын Холбооны Төлөөлөгчийн газрын хамтын ажиллагааны багийн ахлагч Адриен Мүрг, Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын суурин төлөөлөгч Чарльз Болланд нар гардуулан өгсөн юм.

Зураг
Тайлбар

Зүүн гар талаас Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга П.Золзаяа болон Peak.mn сайтын редактор Х.Хулан

Европын Холбооны Төлөөлөгчийн газрын хамтын ажиллагааны багийн ахлагч Адриен Мүрг болон Shugeluleegch.mn сайтын сэтгүүлч Б.Болорсүх


Мөн төслийн хүрээнд шүүхийн шийдвэр, үйл ажиллагааг олон нийтэд ойлгомжтой, хүртээмжтэй хүргэх, шүүхийн ил тод байдлыг нэмэгдүүлэх зорилготой “Шүүхийн тойм ба хэвлэлийн мэдээ бэлтгэх арга зүй” сургалтыг энэ сарын 22–23-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

Сургалтад шүүхийн олон нийттэй харилцах мэргэжилтнүүд болон хууль, эрх зүйн сэдвээр дагнан мэдээлэл бэлтгэдэг сэтгүүлчид хамрагдаж, хууль зүйн мэргэжлийн үг хэллэгийг иргэдэд ойлгомжтой тайлбарлах, шүүхийн процесс, шийдвэрийн үндэслэлийг энгийн, хүртээмжтэй хэлбэрээр хүргэх мэдлэг, чадвараа дээшлүүлж байна.

Сэтгэгдэл бичих (1)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.