Өнгөрсөн бямба гарагт Парис хотод нэг хүнийг хутгалан хөнөөж, дөрвөн хүнийг шархдуулсан этгээд нь Чечень гаралтай, 20 орчим насны этгээд байсан тухай Францын эх сурвалжууд мэдээлж байна.

“Франс-Пресс” агентлагийн мэдээлснээр, аюулаас хамгаалах хүчнийхэнд буудуулан шархаа даалгүй амьсгал хураасан сэжигтний эцэг эхийг цагдаа нар байцааж байгаа аж.

Сэжигтэн нь Парисын төвийн Опера дүүрэгт явган зорчигчдыг хутгалан хөнөөх үеэрээ арабаар “Аллах Акбар” буюу “Бурхан бол аугаа” гэж хашгирч байсан гэж прокурорууд мэдэгдсэн юм. Өмнө нь лалын босогчдын “Лалын улс” бүлэглэлийн гишүүд халдлага үйлдэх үеэрээ яг ингэж хашгирч байсан билээ. Тиймээс Парист болсон энэ халдлага нь “террорист халдлага” байх магадлалтай байна гэж холбогдох албаны хүмүүс хэллээ.

Гурван жилийн өмнө Парис хотод лалын хэт давруу үзэлтнүүд 130 хүний аминд хүрснээс хойш Франц улсын аюулаас хамгаалах хүчнийхэн нь өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн хэвээр байгаа юм. Гэсэн хэдий ч тус улсад үе үе халдлага болсоор байна.

Энэ гуравдугаар сард “Лалын улс”-ын нэгэн гишүүн тус улсын өмнөд нутгийн Каркассон хотод дөрвөн хүнийг буудан хөнөөсөн юм.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг