Луврын музейн үнэт эдлэлийн дээрэмчдийг Алжир руу нисэх гэж байхад нь саатуулжээ

Францын цагдаагийн байгууллага Луврын музейд болсон түүхэн дээрмийн хэрэгт холбогдох сэжигтнүүдийг илрүүлж, баривчилсан талаар мэдэгдлээ.

Эрх баригчдын мэдээлснээр, гол сэжигтнийг Парисын Шарль-де-Голлийн олон улсын нисэх буудал дээр Алжир улс руу зугтах гэж байхад нь саатуулжээ. 

Хэрэг энэ оны аравдугаар сарын 19-ний шөнө гарсан бөгөөд хулгайчид хүнд даацын кран ашиглан музейн цонхоор дамжин орж, 8 үзмэрийг авч зугтсан байна. Эдгээр үзмэр нь Францын төрийн өмчид хамаарах, түүхэн болон соёлын онцгой үнэт зүйлс бөгөөд зарим нь 17–18-р зууны хаад, язгууртнуудын үнэт эдлэл байжээ.

Цагдаагийн эх сурвалжийн мэдээлснээр, дээрэмчид технологийн дэвшил ашиглаж музейн хамгаалалтын системийг түр хугацаанд саармагжуулсан бөгөөд хэргийг мэргэжлийн түвшинд зохион байгуулжээ. Үүгээр зогсохгүй дээрэмчдийг олон улсын хулгайн сүлжээтэй холбоотой байж болзошгүй гэж үзэж байгаа аж.


Хэрэг гарснаас хойш Луврын музейн удирдлагууд хамгаалалтын системийг бүрэн шинэчлэх, камерын хяналтын хамрах хүрээг өргөтгөж орчны хамгаалалтыг сайжруулах ажлыг эхлүүлсэн байна. Музейн хэвлэлийн төлөөлөгч, “Бид үзмэрүүдийн аюулгүй байдлыг хангах, ижил төрлийн гэмт хэрэг дахин гарахаас урьдчилан сэргийлэхийн тулд Францын дотоод хэргийн яам болон олон улсын аюулгүй байдлын мэргэжилтнүүдтэй хамтран ажиллаж байна” гэжээ.

Одоогоор хулгайд алдагдсан 8 үзмэрийн гурвийг буцаан олсон бөгөөд үлдсэн үнэт зүйлсийг олохоор тусгай ажиллагаа үргэлжилж байгаа аж.

Францийн цагдаагийн газраас хэргийг үйлдсэн байж болзошгүй 4 хүнийг баривчилсан бөгөөд үлдсэн хамсаатнуудыг илрүүлэхээр мөрдөн шалгалтыг үргэлжлүүлж байгаа аж.

Луврын хэрэг нь сүүлийн жилүүдэд Европ дахь томоохон музейнүүдэд гарсан хамгийн том хулгайн хэрэгт тооцогдож байгаа бөгөөд Франц төдийгүй дэлхийн томоохон үзвэр, үйлчилгээний газруудын аюулгүй байдлын бодлого, технологийн шийдлийг дахин эргэж харахад хүргээд байна. 

Холбоотой сэдвүүд

луврын музей парис

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.