Өнгөрсөн ням гарагт зохион байгуулсан буяны арга хэмжээний үеэр халдлагад өртсөн Польшийн Гданск хотын дарга Павел Адамович даваа гарагт нас барсан байна.

Өдгөө 53 настай П.Адамовичийг олон зуун хүн цугласан буяны арга хэмжээний үеэр тайзан дээр зогсож байхад нь хутгатай этгээд халдсан байна. Цагдаагийн газрын ажилтнууд халдлага үйлдсэн 27 настай этгээдийг баривчилжээ. Уг этгээд урьд нь гэмт хэрэг үйлдэж байсан нь тогтоогдсон байна.

“Гэмт этгээд тайзан дээр гарахын тулд сэтгүүлчийн үнэмлэх ашигласан байж магадгүй” хэмээн цагдаагийн ажилтнууд таамаглаж байгаа ажээ.

П.Адамович нас барсныг Польшийн Эрүүл мэндийн сайд даваа гарагт албан ёсоор мэдээлжээ. Гданск тэргүүтэй Польшийн олон хотод даваа гарагийн орой олон мянган хүн цуглаж, эмгэнэл илэрхийлсэн байна.

Польшийн Ерөнхийлөгч Андрей Дуда уг халдлагыг зэмлэн буруушаагаад, амиа алдсан улс төрчийг оршуулах өдөр орон даяар гашуудал зарлана гэж мэдэгджээ. 



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, CNN