ОХУ-ын эсрэг тогтоосон шинэ хоригийг Их Британи сайшаав

ЛОНДОН. /TASS/. “Скрипалийн хэрэгтэй” холбогдуулан Вашингтон ОХУ-ын эсрэг шинэ багц хориг арга хэмжээ авсныг Их Британийн Гадаад хэргийн яам сайшаажээ. Энэ тухай Их Британийн Гадаад хэргийн шинэ сайд Доминик Рааб твиттер хуудсандаа бичсэн байна.

“Солсберид үхэлд хүргэх аюултай, мэдрэл саажуулах бодис хэрэглэсний хариуд хими, биологийн зэвсгийн тухай Америкийн хуулийн дагуу хориг арга хэмжээ авч, АНУ-ын зүгээс тууштай дэмжлэг үзүүлж байгааг бид сайшааж байна. Олон улсын хамтын нийгэмлэгээс үргэлжлүүлэн авсаар байгаа хариу арга хэмжээнүүд нь энэ аймшигт зэвсгийг ямар нэг үр дагаваргүйгээр ашиглаж буйг бид зүгээр ажиглаад зогсохгүй гэдгийг харуулж байна” гэж Рааб онцлон тэмдэглэжээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп хими, биологийн зэвсгийг хянах, хэрэглэхийг хориглох тухай 1991 оноос хойш мөрдөж байгаа Америкийн хуулийг зөрчсөн улсуудын эсрэг хориг арга хэмжээ авах заалтыг хэрэгжүүлэх журамтай холбоотой зарлигт наймдугаар сарын 1-нд гарын үсэг зурсан байна. Чухам энэ нь 2018 оны наймдугаар сарын сүүлээр гарсан "Скрипалийн хэрэг" -ээр ОХУ-ын эсрэг анхны багц хориг арга хэмжээ авах хууль эрх зүйн үндэс болжээ.


Эх сурвалж: Монцамэ агентлаг

Холбоотой сэдвүүд

их британи хориг

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.