ГССҮТ-ийн Түлэгдлийн эмнэлгийн дэд захирал дэд захирал О.Хишигсүрэнтэй ярилцлаа. Тэрбээр хүүхдийн түлэгдэлт, гэмтлээс урьдчилан сэргийлэхэд эцэг эхийн үүрэг хариуцлага ямар чухал вэ талаар ярьсан юм. 

-Зуны улиралд түлэгдэх, гэмтэж бэртэх эрсдэл хэр гарч байна вэ?

-Улирал харгалзахгүйгээр түлэгдэлтийн осол гэмтэл ихтэй улсын нэгд манай улс багтдаг. 

 Сүүлийн 5 жилийн дотор эмчилгээ тусламж сайжирснаар нас баралт 70 хувь багассан. 

Жилдээ 140 гаруй мянган хүн осол гэмтэлд өртдөгөөс 30 хувь нь хүүхдүүд байдаг.

Замын цагдаагийн газрын судалгаанаас үзэхэд 0-4 насны хүүхэд өдөрт 3, жилд 3000 хүүхэд зам тээврийн осолд ордог гэсэн судалгаа бий.

Хүүхдийг осол гэмтлийн шалтгаан нь унаж бэртэх, авто осол, түлэгдэлт, хүчирхийлэл болж байна.


-Эцэг эхчүүдийн анхаарал болгоомжгүй байдлаас болоод хүүхдүүд гэмтэж бэртэх тохиолдол хэр их байна вэ?

-Хүүхэд гэмтэж бэртэх хамгийн гол шалтгаан нь яах аргагүй эцэг эхийн хариуцлагагүй байдал юм. 

Жишээ нь хүүхдийг гэрт нь ганцааранг нь үлдээснээс болж тогонд цохиулах, түлэгдэх, цонхоор унасан харамсалтай тохиолдол олон гардаг. 

Мөн насанд хүрээгүй хүүхдүүд барилга дээр ажил хийж байгаад эрсдэх, ахуйн ослоос болж амь насаа алдах тохиолдлууд сүүлийн жилүүдэд нэмэгдэж байна. 

Зам тээврийн ослын улмаас амь насаа алдсан хүүхдийн 70 орчим хувь нь тээврийн хэрэгслээр зорчиж явсан байдаг. Тэд голдуу эцэг эх нь хурд хэтрүүлэх, хамгаалах бүс, зориулалтын суудал хэрэглээгүй, цонхоо онгорхой явснаас болж осолдсон байдаг.

-Осол гэмтлээс болж хүүхдүүд хэр хүнд гэмтдэг вэ?

-Энэ бол сэтгэл эмзэглүүлмээр асуудал. Гэмтэж бэртсэн хүүхдийн зарим нь эдгэдэг ч насан туршдаа хөгжлийн  бэрхшээлтэй болж байгаа, сэтгэл зүй, гоо сайхнаараа хохирч үлдэж байгаа тохиолдол цөөн биш. 

Тэгэхээр ямар ч тохиолдолд хүүхдэдээ анхаарал хандуулах нь чухал байна. 

-Яавал хүүхдийн осол эндэгдлийг бууруулах вэ?

-Эцэг эх нь хүүхдээ анхаарч хүүхдүүддээ эрсдэл ослын талаар сайн тайлбарлаж багаас нь сургах хэртэй.

Хүүхдийг эрүүл аюулгүй орчинд  өсгөхөөс гадна багш, цагдаа, боловсролын байгуулга гээд бүгд л сэтгэл гарган анхаарч ажиллах хэрэгтэй.

Таны хүүхдийг хайрлаж хамгаалж осол гэмтлээс хамгаалах хамгийн гол хүн нь та юм шүү.


Нийтэлсэн: Батбаярын Халиун