О.Баасанхүү: Ерөнхий сайд маань айгаад хуулиа авч зугтаад байна

Б.Баясгалан
01 сарын 25, 2019

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх байсан ч Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар хэлэлцэх хугацааг хойшлуулах санал гаргаж, санал хураалтаар хэлэлцэхээс хойшлууллаа.

Мөн өнгөрсөн долоо хоногийн чуулганы хуралдаанаар хэлэлцэх хуваарьтай байсан ч Засгийн газрын хуралдаанаар дахин хэлэлцэх шаардлагатай байна гэж УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар санал гаргасны дагуу хойшлуулсан юм.

Үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн О.Баасанхүү өнөөдөр мэдээлэл хийж, байр сууриа илэрхийллээ.

Тэрээр "Ашигт малтмалын тухай хуульд нэмэл, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэхийг удаа дараа буцааж байна. Энэ бол зориуд зохион байгуулалттай хийж буй үйлдэл. Шууд хэлэхэд алт үйлдвэрлэгчид, алтны холбоонынхны хийж буй лобби гэж би хариуцлагатайгаар үзэж байгаа. Яагаад гэхээр, 1996 онд Алт хөтөлбөр гэж гарахад 18.000 тонн алт байсан. Одоо ч энэ хэвээрээ байгаа. Үсрээд 3-4 мянган тонн алт авдаг. Бүхэл бүтэн 40-70 мянган тонн алт татваргүй явж байсан. Тэгэхээр мөнгөтэй хүн өөрийнхөө зориулалтаар, өөрийнхөө хүссэнээр ингэж хуулийн лобби явуулж буйг эсэргүүцэж байна. 

Өнөөдөр Ерөнхий сайд байгалийн баялгийг нийт ард түмэндээ өгнө гэж шуугиад, цээжээ дэлдээд шударга ёсны туг барьж байна гэж яриад байна. Тэгээд байгалийн баялгийг ард түмэндээ өгнө гэдэг чинь татвараа нэмж, ард түмэндээ өгөх биздээ. Өөр юугаараа өгөх гээд байгаа юм бэ. Манай Ерөнхий сайд У.Хүрэлсүх татвар 5 хувь байсныг 2.5 болгож багасгая гэж хууль өргөн бариад батлуулах гэж байсан. Гэтэл шударга УИХ-ын гишүүд та байгалийн баялгийг ард түмэнд өгөх гэж байсан хүн. Нэр хүндэд чинь муугаар нөлөөлнө. 5 хувиар нь байлгаж таныг аваръя гэсэн чинь Ерөнхий сайд маань айгаад хуулиа хэлэлцүүлэхгүй аваад зугтаад байна.

Үнэндээ бол 5 хувиараа байх ёстой. 2.5 хувь болгож бууруулж байгаа нь нэг гараараа шударга ёс ярьж, нөгөө гараараа шулмын арга хэмжээ аваад байгалийн баялгийг ард түмэн өгөх сонирхолгүй юм байна шүү гэдгийг өнөөдөр би хэвлэлийнхэнд хандаж хэлж байна.

Яагаад гэхээр алтан дээр ямарч өртөг байдаггүй. Газарт байгаа шороог аваад угаагаад байгалийг сүйрүүлдэг болохоор алтыг татвараар өгөхөөс өөр арга байхгүй. Гэтэл өнөөдөр 2.5 хувийн татварыг батла, үгүй бол нэг ч төгрөгийн татвар өгөхгүй гэсэн лобби явуулж байна.

Баянхонгор аймгаас сонгогдсон М.Билэгт гишүүн санаатайгаар үүнийг хойшлуулж буйд би их харамсаж байна. Яагаад гэхээр тус аймаг өнөөдөр алтны нинжа нарын хөл гарт өртсөн, лоббичдын шигсэн газар болсон. Тиймээс татварыг 5 хувь болгохын төлөө тэмцэхийг уриалж байна" хэмээн мэдэгдлээ.

Сэтгэгдэл бичих (1)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.