Нэгэнт алдагдсан эрч хүчээ нойроор сэлбэх гэж оролдсон ч ядарсан хэвээрээ л байна уу? 

Учир нь унтах, амрах хоёр ялгаатай зүйл. Гэвч бидний ихэнх нь ачаалал ихтэй үед унтвал ядарга арилчихдаг гэж үзсээр өдийг хүрчээ. 

Монгол улсад хийгдсэн "Зонхилон тохиолдох сэтгэцийн эмгэгийн тархалтын судалгаа"-аар  архаг ядаргаа 16.2 хувийг эзэлсэн байдаг. Тэгвэл хүн бүхэн мэдвэл зохих зөв амралтын талаар мэдээлэл хүргэе


Бие махбодийн идэвхтэй болон идэвхгүй амралт

Идэвхигүй амралт гэж унтах, дуг хийх зэргийг хэлдэг. Харин биеийн бодисын солилцоо, уян хатан байдлыг сайжруулдаг йог, дасгал хөдөлгөөн хийх нь идэвхтэй амралт юм.

Энэ хоёр төрлийн амралтыг хослуулж, чанартай нойрсож, зөв хооллож, нар салхинд гарч, хөдөлгөөнтэй байж сурах хэрэгтэй.  


Оюун санааны амралт

Эрч хүчээ нөхөх, сэргэг байх зорилгоор өглөө бүр кофе уух нь уур уцаартай, мартамхай, ажилдаа анхаарлаа төвлөрүүлэхэд хүндрэлтэй болгодог. 

Оффисын ажилтан болон компютерийн ард ихэнх цагаа өнгөрүүлдэг хүмүүсийн тархи маш их ядардаг. 6-аас дээшгүй цагийг компютерийн ард өнгөрүүлдэг бол та ажлаа түр хойш тавьж, хоёр цаг тутам бага зэргийн завсарлага авч сураарай. Хэсэг сатаарах нь ажлын үйл явцыг удаашруулж магадгүй ч амарсан тархины үйл ажиллагаа илүү эрчимтэй ажиллаж, хөдөлмөрийн бүтээмж нэмэгддэг юм шүү.


Мэдрэхүйн амралт

Хурц гэрэл, компьютерийн дэлгэц, чанга чимээ шуугиан, олны яриа болон оффис дээр эсвэл онлайн хуралд байгаа эсэхээс үл хамааран бидний мэдрэхүйд хэт их ачаалал ирдэг. 

Ялангуяа оройны 21:00 цагаас хойш дэлгэц үздэг хүмүүс чанартай нойр авах хугацаа багасаж, сэтгэцэд нөлөөлж, амархан ядрах, мартамхай болдог. 

Анхаарал төвлөрөхгүй, цочромтгой, уур уцаар ихтэй. Өдрийн цагаар нэг минут нүдээ анин эргэлдүүлж нүдний дасгал хийж, орой бүр унтахаасаа дор хаяж хоёр цагийн өмнө гар утас, компьютер, зурагтаа унтрааж, дэлгэцээс хол байх нь бөх нойрсоход тусалдаг.


Бүтээлч амралт

Энэ төрлийн амралт нь аливаа нэгэн асуудлыг шийдэх, шинэ санаа бодож олох шаардлагатай байгаа хүмүүст тун хэрэгтэй.

Бүтээлч амралт нь оюун санааны амралттай нягт холбоотой боловч яг ч ижил гэсэн үг биш. Та энэ хэсэг хугацаанд ажлаа хойш тавьж, анхаарлаа төвлөрүүлэн, шинэ санаа бодож олж, түүнийгээ бичиж тэмдэглэн ерөнхий төлөвлөгөө гаргах хэрэгтэй. 


Сэтгэл хөдлөлийн амралт

Энэ нь сэтгэл хөдлөлөө чөлөөтэй, нээлттэй илэрхийлэл хугацаа, орон зайг өөртөө өгөх явдал юм. 

Бид өдөр тутмын амьдрал, ажилдаа сэтгэл санаагаар унаж, бүтэлгүйтэлтэй нүүр тулж байсан ч зүгээр мэт дүр эсгэж, бусдад сул талаа харуулахыг хүсэхгүй байх нь элбэг. Энэ нь та сэтгэл хөдлөлийн ачааллыг өөртөө нэмэгдүүлж буй хэрэг юм. 

Хэн нэгэн “Чи зүгээр үү?” гээд асуухад зарим хүн "Зүгээр ээ" гээд л өнгөрдөг. Үнэндээ үнэхээр хэцүү байгаа бол дүр эсгэлгүй сэтгэл хөдлөлөө илэрхийлж байгаарай. Бидний сэтгэл зүй, сэтгэл хөдлөл хүртэл ачаалал, ядралт мэдэрдэг байх нь.


Нийгмийн амралт

Судлаачид таныг хүрээлж буй хүмүүс яг л толины тусгал шиг нөлөөлдөг гэдгийг тогтоосон байдаг. Хэрэв та гутранги, сөрөг хүмүүсийн дунд байгаа бол өөрийн эрхгүй аливаа зүйлээс сөрөг зүйлийг л олж харна. Тиймээс биднийг стресстүүлж, ядраадаг харилцаанаас хэсэг хугацаанд л болов хөндийр. 


Сүнслэг амралт

Энэ бол бие мах бодийн болон оюун санааны хооронд буй гүнзгий мэдрэмж болох хайр, тэвчээр, хүсэл тэмүүлэл зэргийг мэдрэх чадвар юм. Мэдээж үүнд, йог, залбирал, бясалгал хийх хамгийн үр нөлөөтэй. Ингэснээр сэтгэл санааг тогтворжуулж, амар амгалан, сонор соргог болж, илүү сайн шийдвэр гаргахад тусалдаг. 

Мөн хуримтлагдсан стрессийг илүү үр дүнтэй арилгадаг байна.


Эх сурвалж: PsychologyToday