Завхан аймгийн Отгон сумын нутаг Отгонтэнгэр уулын энгэрт орших Бадархундага нуурын ойролцоо буун дуун гарчээ.

Энэ сарын 9-ний өдөр нутгийн гурван иргэн Бадархундага нууранд мөргөл хийхээр явж байхдаа 3 хүн нуураас шуудайтай эд зүйлс аваад явахыг харжээ. Асууж лавлахаар очтол тэд галт зэвсэг нээж иргэн О-гийн хүзүүг шархдуулсан байна. Мөн тэдний автомашиныг унаж зугтаасан хэрэг гарчээ.
Хэрэг үйлдсэн гэгдээд буй залуусын 2 нь казак, нэг нь монгол бөгөөд ЦЕГ-аас баруун таван аймгийн цагдаагийн хэлтэст мэдэгдэн Өвөрхангай аймгийн Бумбатын давааны орчмоос баривчилсан бөгөөд хэрэг үүсгэн шалгаж байгаа ажээ. 

Бадархундага нуураас хулгай хийсэн тохиолдолдол анхны биш юм. Голдуу хөлдөх үеэр нуурын мандал дээр ил гарсан хэсгийг нь түүж авах гэж ойрхон аймаг сумын иргэд хулгайлсан тохиолдол цөөнгүй гарч байжээ.

Сонирхуулахад Бадархундага нууранд нутгийн ард иргэд эрт дээр үеэс хүслээ шивнэн алт мөнгөн эдлэлээ шиддэг эртний уламжлалтай. Албан бус тоогоор тус нууранд жилд 5-15 мянган мөнгөн аяга өргөдөг хэмээн нутгийн иргэд ярьдаг байна.