Хүмүүний амьдралд хэзээ, юу тохиолдохыг хэн ч таашгүй. Байгалийн гамшиг хэлж биш хийсэж ирдэг. Улаанбаатарт орсон хүчтэй аадар борооны улмаас уруйн үер бууж, нийслэлийн хамгийн олон хүн амтай дүүргүүдийн нэг Баянзүрхийн гурван хороо гамшгийн байдалтай байна. 

Энд тэндгүй лаг шавар, шавхай, баас шээсэн “далай”-д орох орон, оочих аягагүй болон, арга гайхшаа барсан иргэд юу хийхээ ч мэдэхгүй сандчина. Эрдэнэт хүний олон сайхан амь хохирсоны дотор орчлон хорвоотой танилцаж ч амжаагүй “нялх амьтад” байсан гэж бодохоор үнэхээр хайран бөгөөд харамсалтай.

Өдгөө гамшгийн бүсэд цагдаа, онцгойгийн алба хаагчид, ТҮК-ийн ажилчид, энэрэх нигүүлсэх сэтгэлтэй иргэд халуун наранд эрвийх дэрвийхээрээ махран зүтгэж байна. Сэтгэл сайтай монголчууд зовж зүдэрч буй нэгэндээ байгаагаа барьж, чадах чинээгээрээ хандив цуглуулж, гэр хандивлаж, хоол хүнс тарааж, тусламжийн гараа сунгасаар байгаад талархахаас өөр аргагүй. 

Хүний амь хохирч, хүүхэд хөгшид зутарч, идэх хоол, өмсөх хувцасгүй гамшигт өртөөд байхад УИХ-ын эмэгтэй гишүүд ганц ч үг ганхийсэнгүй. 

Нүд нь “гэгээ” үгүй, чих нь “таг” дүлий биш байлтай. Тэдэнд өрөвч нинжин сэтгэл гэж алга аа. Тэдэнд бусдыг энэрэн нигүүлсэх хүнлэг сэтгэл алга. Хад чулуунаас төрсөн үү гэлтэй тэд өмнө нь ч ийм л байсан. Одоо бахь байдгаараа л байна.

Дөнгөж амаржсан эмэгтэйг нярай хүүхэдтэй нь “коронавирусийн халдвартай” хэмээн өвлийн хүйтэнд өмссөн халаад, улавчтай нь, дэр тэврүүлэн ХӨСҮТ рүү тусгаарлахаар авч явсан харгис хэрэг, ганданд шавилан сууж буй бяцхан хүүхдүүд бэлгийн хүчирхийллийн золиос болсон байж болзошгүй жигшүүрт хэргээс эхлээд гэр бүлийн хүчирхийллийн улмаас цоожтой хаалганы цаана бусдын гарын шүүс болж, амь наана там цаана байгаа хүүхдүүдийн асуудалд тэд хошуу ч дүрээгүй, дүрэхгүй гүрийсээр "дуусах" нь. 

Өөрсдийнхөө хүүхдийг хайрлахгүй, сандалтай нь арагш нь татаад унагаж байгаа хүмүүс яаж ч хүний хүүхдийг энэрч хайрлан, эвийлж хөөрхийлөх билээ дээ гэж бодогдох. Ийм “гол”-гүй хүмүүсийг сонгуулиар дахин сонгож, ард түмний элч төлөөлөгч болгомооргүй байгаа юм. 

Хүн хаанаас үүдэлтэй, хэн байснаа мартвал амьтдаас ялгарах юун билээ. Хэний хүч дэмжлэгээр УИХ-ын зөөлөн сэнтийд заларснаа мартдаг ийм арчаагүй, бэртэгчин байвал эргээд хөрсөндөө “бууж” л таарна. 

Эмэгтэй гишүүд Ардчилсан намын “алиа салбадай”-нууд шиг олны зовлон дээр “зоолох” зорилготой ч болов “сүүхээ” гаргаж чадахгүй байгаадаа ичих хэрэгтэй. 

Нэг их сүрхий десант хувцас өмсөөд, хөдөө орон нутагт попорч явсан шигээ гамшгийн бүсэд очоод “мисс”-ээ хий л дээ, хэн ээ. 

УИХ-ын танхимд боов идэж суухаа болиод, ноосон малгай өмсөж, автобусны буудал дээр ард иргэдийнхээ дунд тэдэнд үнэн хайртай дүр эсгэн, ядрангуй, өрөвдөм суусан шигээ гамшгийн бүсэд очоод, жаахан шавар лаг ховхолсон шиг попор л доо, хэн гишүүн ээ. 

Гэр бүлийн таарамжгүй бөгөөд садар самуун байдлаа нийгэмд ид хав болгон цацаж, залууст муу үлгэр дууриал үзүүлж суухын оронд халуун сав цай бариад, гамшгийн бүсэд очиж худлаа ч гэсэн дүр эсгээч дээ, хэн минь.

Эрүүл хоол, мацаг гэж чалчиж суухын оронд гамшигт нэрвэгдсэн иргэд юу идэж, ямар ус ууж байгааг нэг анзаараатхаач. Одоо л энд хүнсний аюулгүй байдлын тухай яривал гайгүй сайн очков авах боломж нээлттэй байна шүү, хэн ээ. 

Хээрийн эмнэлэг хулгайлж, ковидын 10 их наядын төсвийг идсэн, идээгүй гэж “шир”-лэж суухын оронд зүдэрч буй иргэд дээрээ саран ижийн дүрээр тусламжийн маскаа давхарлан зүүж очоод, ариутгал халдваргүйжүүлэлтэд хувь нэмрээ оруулаач, хэн минь. 

“Нүүрс тээврийн компаниудад нүүрсний хулгай хийх эрх байдаггүй” гэж хуурч суухын оронд гамшгийн байдлыг хоёр цэхрээрээ очиж хараад, баруун солгойгүй хандив цацлаад, нүүрсний бизнесээс мөнгө завшдаг бүлэглэлийн гишүүн гэсэн нэрээ жаахан ч атугай баллуурдаач, хэн ээ.

Зарим нь боомтын сэргэлтээ түр хойш тавиад, гамшгийн дараахь сэргээн босголт ярьж болно, зарим нь онгодоо хөглөөд, зовсон зүдэрсэн иргэдэд бараагаа харуулж, яруу сайхан үгсээрээ уярааж, сэтгэлийн дэм өгч болох вариант ч байж л байна.

Хэнээнүүд минь, хэнд ч гай зовлон газар дороос нүүрлэж мэднэ. Бодолтой байж, ухаан зар л даа. 

Хүний хүчин зүйлээс үүдэлтэй цаг уурын өөрчлөлтийн улмаас бий болдог байгалийн гамшигт үзэгдлүүд өмнө нь ихэвчлэн ядуу буурай орнуудад тохиодог байв. Гэтэл өдгөө АНУ, Канад, Герман, Бельги зэрэг баян чинээлэг орнууд ээлж дараалан гал, усны гашуун зовлонтой нүүр тулсаар буй мэдээлэл үргэлж цацагдаж байна. 

Яг түүнчлэн ядууст нүүрлээд буй энэ гамшиг баячууд төдийгүй УИХ-ын гишүүд, ялангуяа эмэгтэй гишүүдийг ч тойрохгүй, дайрч мэдэх билээ...