Гэнэтийн ослын улмаас албан үүргээ гүйцэтгэж явсан онцгой байдлын алба хаагчид амиа алдаж, 60 гаруй айл өрх гэр оронгүй болсон харамсалтай мэдээллээр өнөөдөр эхэллээ. Гамшигт өртсөн иргэдийг БЗД-ийн 26-р хороотой ойролцоо зочид буудалд түр байрлуулж байгаа юм. Эдгээр иргэдэд СЭМҮТ-ийн мэргэжилтнүүд сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэн ажиллаж байна. Энэ үеэр бид СЭМҮТ-ийн сэтгэл заслын эмч Б.Баярмаатай ослын үеийн сэтгэл зүйн талаар цөөн хором ярилцлаа.

-Гал түймэрт өртсөн иргэдийн сэтгэл зүйн байдал ямар байна вэ? 

-Ихэнх хүмүүс болж өнгөрсөн үйл явдалд хэт төвлөрөөд өөрсдийн сэтгэл зүйгээ анхаарах сөхөөгүй байна уу даа гэж анзаарагдсан.

Сэтгэл санаа харьцангуй тогтвортой хүмүүс ч байна. Гэхдээ дийлэнх нь болсон нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрч чадахгүй, сэтгэл түгшсэн, айдаст автчихсан явна.

Сэтгэл түгшилт стресстэй холбоотойгоор бие махбодын хувьд цусны даралт нь ихсэх, зүрхний цохилт олшрох зэрэг зовуурь илэрсэн хүмүүст тайвшруулах дасгал хийлгэж, зөвлөгөө өгч ганцаарчлан ажиллалаа. 

Бага насны хүүхдүүдийн хувьд өөрийгөө бүрэн илэрхийлж чадахгүй нь өрөвдмөөр. Томчууд болсон явдлыг хоорондоо яриад л тайвширдаг бол хүүхдүүд цочролоосоо гарч чадахгүй айж уйлах, орон доогуур орох зэргээр сэтгэл түгшдэг. Бидний зүгээс тоглоомын болон зураг заслын аргаар тусалж, дэмжин ажиллаж байна.

Бичлэг үзэх: 

-Гамшиг, осолд өртсөн хүний сэтгэл зүйд ямар өөрчлөлт гардаг вэ?

 -Гэнэтийн гамшиг осол хүний сэтгэл зүйг хүчтэй цочроож гэмтээдэг. 

Тэр хэмжээгээр тухайн хүний үзүүлэх хариу үйлдэл нь хурц, огцом байх нь олонтаа. Тухайлбал, хэт их уйлах, уурлах, цухалдангуй болох зэргээр сэтгэл зүйн өөрчлөлтүүд илт мэдрэгдэж эхэлдэг. 

Ерөнхийдөө цочролд орсон үед хүний анхаарал төвлөрөх, хариу үйлдэл үзүүлэх, шийдвэр гаргах чадварууд буурдаг.

-Хүмүүс ер нь хэр удаан хугацааны дараа нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрч, дасан зохицож эхэлдэг вэ? 

-Хүн бүрд харилцан адилгүй л дээ. 

Сэтгэл зүйн шинжлэх ухаанд тухайн хүний сэтгэл зүйн онцлогоос хамаарч дунджаар 3 сараас 3 хүртэлх жил хүртэл хугацаанд үргэлжилдэг гэж үздэг. 

Маш богино хугацаанд дасан зохицоод дараагийн алхмуудаа төлөвлөж эхэлдэг хүмүүс бий. Гэтэл зарим хүнд өөрт нь зүгээр мэт санагдавч сэтгэл түгшилт, айдас, нойргүйдэл үүсэх эрсдэлтэй. 

Осол болсны дараа харьцангуй сэтгэл зүй нь тогтвортой байгаа ч хүлээн зөвшөөрөөд эхлэхээр стресс нэмэгддэг хүмүүс бас бий. 

Одоогоор тухайн ослоос үүдсэн хохирлынхоо хэмжээг ч мэдэхгүй байгаа шүү дээ. Хэдийгээр өнөөдөр зүгээр байсан ч 2-3 хоногийн дараагаас сэтгэл зүйн төлөв өөрчлөгдөх магадлал өндөр байдаг гэсэн үг.

–Тэгвэл хэвлэл мэдээллийн байгууллагууд гамшигт өртсөн иргэдээс ярилцлага авах, сэтгэгдлийг нь хуваалцахдаа юунд анхаарах вэ? 

-Тухайн үеийн сэтгэл зүйн байдлаасаа болоод самгардаж худал мэдээлэл гэхээс илүүтэйгээр дутуу мэдээлэл өгөх магадлалтай. Дутуу дулимаг мэдээлэл нь олон нийтийг төөрөгдүүлэх, нийгмийн сэтгэл зүйг түгшүүрт автуулах ч эрсдэлтэй. 

Тиймээс сэтгүүлчид осолд өртсөн хүнээс ярилцлага авах гэж яарах хэрэггүй. 

Сэтгэл санаа нь харьцангуй тогтвортой болохыг хүлээсэн нь тохиромжтой. Сэтгэл зүйн хувьд тайван, тогтвортой хүн дүгнэлт хийж, цэгцтэй мэдээлэл өгч чаддаг. Нөгөө талаас тайвширч, тогтож байсан хүний сэтгэл зүйг сэтгүүлчийн асуулт сэдрээх магадлалтай. Иймээс эх сурвалжаа аль болохоор сэтгэл санаа тогтвортой болохыг тэвчээртэй хүлээгээрэй гэж зөвлөе.

Мөн уй гашууд автсан хүн дээр шууд очиж ярилцлага авах нь зохимжгүй үйлдэл юм. Юун түрүүнд тухайн хүнээсээ заавал зөвшөөрөл авах нь хүний ёсны асуудал юм. Хэдий өөрөө зөвшөөрсөн ч сэтгэл зүйн шаналлаа хэн нэг хүнд биш, сэтгэл зүйч, мэргэжилтэнд биш олон нийтэд ярина гэдэг амаргүй зүйл. Тиймээс энэ үед ярилцлага, сэтгэгдлийг нь дамжуулахдаа мэдрэмжтэй хандахыг сэтгэл зүйчийн хувьд зөвлөмөөр байна.


-Нийтийг цочроосон хэрэг, осол гарсны дараа нийгмээрээ хямарч, цахим орчинд шуугьдаг шүү дээ. Ийм үед бид яах ёстой вэ?

 -Сэтгэл түгшээж байгаа мэдээллийг олон хүнд хүргэх тусам нийгмийн стрессийн түвшин нэмэгдэх хандлагатай байдаг. Тиймээс иргэд юун түрүүнд болж буй үйл явдлын үнэн бодит мэдээллийг итгэмжтэй эх сурвалжаас авах хэрэгтэй. 

Нөгөөтээгүүр нийгмийн сүлжээнд явж буй худал мэдээлэлд автахгүй байх нь чухал. Хэрэв таны сэтгэлийг эмзэглүүлсэн, айдас түгшүүрт автуулсан агуулгатай мэдээлэл байвал цааш нь түгээгээд хэрэггүй. 

Нийтээрээ мэдээд өөрчлөлт авчрахгүй, нэгэнт болоод өнгөрсөн гамшгийн мэдээллийг түгээгээд нөхцөл байдлыг шууд өөрчлөхгүй нь тодорхой шүү дээ. Мэдсээр байж ийм алхам хийх нь бусдынхаа сэтгэл зүйг улам л дордуулж байгаа үйлдэл.

-Тухайн үеийн стрессээ гаргаж, сэтгэл зүйгээ дасгахын тулд хүмүүс дор бүрнээ ямар арга хэмжээ авах вэ? 

-Юун түрүүнд сэтгэл зүйгээ тогтвортой байлгахыг хичээх хэрэгтэй. 

Үүний тулд: 

✔Амьсгалын дасгал хийж булчингаа суллах, 

Хэн нэгэнтэй ярилцаж стрессээ гадагшлуулах, 

Нөхцөл байдлыг бодитоор хүлээж авах цаашдаа явах вэ гэдэг төлөвлөгөө гаргах нь бодит байдлыг хүлээн зөвшөөрөхөд тусалдаг. 

Сэтгэл зүйн чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд, мэргэжилтнүүд сошиал сувгуудаар энэ төрлийн мэдээллийг түгээдэг. Гамшгийн үед хүний сэтгэл зүйд ямар хариу урвал илэрдэг, тэр үед ямар тусламж өөртөө үзүүлж болох вэ гэдэг мэдээ мэдээллийг түгээж ажилладаг гэсэн үг. 

Та бүхэн сэтгэл түгшээсэн мэдээллээс илүү эерэг агуулгатай, гарц шийдэл зөвлөсөн мэдээллийг авч, хэрэгжүүлбэл илүү үр дүнтэй байна гэж зөвлөе.