Боловсрол суваг телевизээс мэдээлэл хийлээ.

"Боловсрол” телевизийн ерөнхий продюсер Ч.Мядагмаа энэ талаар ярихдаа "2018 онд бид хоёр дахь дугаараа эхлүүлсэн. Гэвч нэвтрүүлгийн дундуур маш том гарз хохирол гарсан. Бид бүгд маш их цочирдож, харамсаж байна. Талийгаачийн гэгээн дурсгалыг хүндэтгэж байна" гэв.

Түүнчлэн хэрэг явдал гарсны дараа тус телевизийн зүгээс нэвтрүүлгийг 3 долоо хоногийн турш завсарлаад талийгаачийн ар гэр, ээжтэй нь ярилцаж, зөвшилцсөний эцэст түүний дүрсийг монтажлан хасахгүйгээр гаргах болсон аж. Учир нь талийгаачийн ээж Г.Чимгээ охиныхоо тэмдэглэлийн дэвтрийг үзүүлж, түүний бичсэн MNTM шоуны шилдгээр шалгарах хүсэл мөрөөдөлтэй байсныг нь дурдан нэвтрүүлэгт хэрхэн оролцож байсныг үзэхийг хүссэн гэлээ.

Mongolia’s next top model" нэвтрүүлгийн шүүгч Д.Нора: 

"Бид талийгаачийн нас барсныг сонсоод сэтгэл зүйн хүнд цохилтод орсон. Тухайн үед би Хятад улсад ажилтай явж байсан юм. Үүнээс болоод талийгаачийг үл тоосон,  гэр бүлд нь очоогүй, эмгэнэл илэрхийлээгүй гэсэн яриа гарсан юм билээ. Бид дэлхийн хэмжээний контент бэлтгэдэг учраас өөрсдийн гэсэн баримтлах зарчимтай. Иймээс манай удирдлагууд, ерөнхий продюсер, найруулагч, шүүгч Энхболд, Боловсрол телевизийн захирал биднийг төлөөлөн очиж эмгэнэл илэрхийлсэн.  Хамгийн их эмзэглэж байгаа зүйл бол зарим оролцогч руу дайрч давшилж байгаа явдал юм. Тухайлбал Одонтунгалаг оролцогч руу ихэд дайрсан мэдээлэл гарсан. Телевизээр тэр хоёрын ам мурийсан хэсэг гарсан. Энэ бол манай контентийн нэг хэсэг. Тэглээ гээд нэвтрүүлгийн оролцогчид бие биенээ үзэн ядаж, бүр нэгнийхээ аминд нь хүрэх хэмжээнд хүрээгүй.Үнэндээ оролцогч Одонтунгалагийн сэтгэл зүй ч гэсэн хүнд байдалд орсон. Жирийн хүн шиг гэрээсээ гарч, хичээлдээ ч явж чадахгүй болсон. Гэтэл тэр ердөө 18-хан настай хүүхэд шүү дээ.Өнөөдөр олон нийтэд хандаж хэлэхэд зарим хүмүүсийн хэлж байгаа шиг загварын ертөнц нэгнээ захиалгаар алуулдаг тийм ертөнц биш. Нийгмийн сүлжээгээр тархсан энэхүү ташаа мэдээлэлд ямар ч шүүлтүүргүйгээр бүү итгээч. Буруу ташаа мэдээлэл тарааж, хүмүүсийн нэр төрд халдаад байгаа хүмүүсийг би албан ёсоор шүүх цагдаад өгч, асуудлаа шийдвэрлүүлнэ. Бас нэвтрүүлгийн ялагч хэдийн тодорсон, тэр байтугай охидыг бусдад зуучилдаг ч гэж бичсэн байсан. Энэ бол дэлхийн хэмжээний шоу учраас худал хуурмаг зүйл хийж болохгүйг олон түмэн ойлгоосой"

“Mongolia’s next top model" нэвтрүүлгийн шүүгч Э.Энхболд:

Энэ явдалд бидний зүрх сэтгэлд хүнд шарх үлдээсэн. Одоо ч эргэн бодоход хэцүү санагдаж байна. Тэр бол миний хайртай оролцогчийн нэг байсан юм. Гэтэл энэ явдлыг далимдуулаад нэвтрүүлгийн багийг дайрч давшиж байгаа нь харамсалтай санагдлаа. Бид үйл явдал болсон даруйд талийгаачийн гэр бүлтэй очиж уулзан, ямар туслалцаа хэрэгтэй талаар асуусан. Талийгаачийг эмээтэйгээ амьдардаг гэдгийг мэддэг учир гэрт нь очиж эмгэнэл илэрхийлсэн. Ах болон ээжтэй нь үл ойлголцол үүссэн үнэн ч дараа нь ойлголцсон. Тиймээс ямар нэгэн баримтгүйгээр, хэн нэгэн рүү дайрахаа зогсоогооч гэмээр байна. Үүнээс болоод ямар ч сөрөг зүйл гарах юм билээ гэж сэтгэл зовниж байгаа учраас өнөөдрийн мэдээллийг хийлээ