2020 оны гуравдугаар улиралд олны анхаарал татсан зарим хэрэгт хэрхэн хяналт тавьж шийдвэрлэсэн талаар Нийслэлийн прокурорын газрын Ерөнхий прокурорын орлогч Ц.Насанбат өнөөдөр мэдээлэл өглөө.

Тэрээр "Энэ оны гуравдугаар улиралд мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан нийт 570 хэрэгт хяналт тавьсан. Эдгээрээс 20 хэрэгт нь яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн. Зөвхөн 7 дугаар сарын 01-нээс 10 дугаар сарын 01-нийг хүртэлх хугацаанд 71 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн. 

Тухайлбал, 

- Цахим хэрэгсэл ашиглан бусдын залилж, зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулан мөнгө угаасан БНХАУ-ын иргэн Луй Тинхуа нарын 15 хүнд холбогдох эрүүгийн хэрэгт яллах дүгнэлт үйлдсэн.

- Цахим хэрэгсэл ашиглаж бусдыг залилсан, зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулсан үйлдэлтэй Шү Хэй Хуй нарын 6 хүнд холбогдох эрүүгийн хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна.

- Ховд аймгийн Цэцэг сумын Баян-Овоо, гуравдугаар багийн нутагт Цагаан эрэг нэртэй газарт хууль бусаар ашиг малтмал олборлосон, гэмт бүлэг байгуулж хахууль өгсөн, авсан, мөнгө угаасан үйлдэлтэй н.Баатархүү нарын 30 хүнд холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжилж байна. Гэм буруутай эсэхийг шийдвэрлэх шүүх хуралдаан товлогдсон.

- Эрүүл мэндийн яамны Төрийн захиргаа удирдлагын газрын эрүүлү мэндийн байгууллагын тусгай зөвшөөрлийн асуудал хариуцсан албан тушаалтнууд албан тушаалаа урвуулан ашигласан, хясан боогдуулах замаар иргэн, ААН, хуулийн этгээдээс хахууль авсан үйлдэлтэй 26 хүнд холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн" хэмээлээ.


Мөн тэрээр шүүхээр шийдвэрлэгдсэн олны анхааралд буй зарим хэргийн талаар:

- "Жи Тайм"-ын нэрээр н.Оюунчимэгт холбогдох хэргийг анхан шатны шүүхээр шийдвэрлэсэн. Энэ хүрээнд 11386 хохирогчийн зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол тодорхой хэмжээгээр төлөгдөх шүүхийн шийдвэр гарсан.

- УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан Дамба-Очир, Солтан, Ундармаа нарт холбогдох албан тушаалаа урвуулан ЖДҮХС-гаас зээл авсан гэх хэргүүдийг анхан шатны шүүхээр гэм буруутай эсэхийг нь шийдвэрлэсэн. 

- УИХ болон Засгийн газрын гишүүнээр ажиллаж байсан С.Баяр, Д.Баярцогт, Н.Номтойбаяр, Ж.Эрдэнэбат, Д.Эрдэнэбат нарт холбогдох албан тушаалын, мөнгө угаасан гэсэн үйлдэлтэй хэргүүдийг шүүхээр шийдвэрлэсэн. Зарим хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гарсан. Зарим хэргийг давж заалтах шатны шүүхийн шийдвэр гарсан. 

- Өнөөдрийн байдлаар "Жаст групп" компанийн захирал Б.Батхүү нарт холбогдох залилах, албан тушаалаа урвуулсан, хуурамч нотлох баримт шүүхэд гаргаж өгсөн, мөнгө угаасан гэх мэт үйлдлүүдтэй хэргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаан буюу гэм буруутай эсэхийг хэлэлцэх хуралдаан гурав дахь өдрөө үргэлжилж байна. Уг хэрэгт нийслэлийн Прокурорын газраас прокурорууд яллах дүгнэлт үйлдсэн, улсын яллагчаар шүүх хуралдаанд оролцож байна" гэсэн мэдээлэл өглөө.