Коронавируст халварын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдорж УИХ-д мэдээлэл хүргүүлжээ.

Тус мэдээлэлд эмнэлгийн тусламж, үйлчилгээ, орны төлөвлөлтийн талаар:

"Сүүлийн өдрүүдэд халдварын тархалт эрс нэмэгдсэнтэй холбоотойгоор улсын болон хувийн хэвшлийн эмнэлгийг дайчлан ашиглаж байна.

Өнөөдрийн байдлаар нийслэлд 28 эмнэлгийн эрчимт эмчилгээний 80, энгийн эмчилгээний 666 ор, аймаг, орон нутгийн 24 эмнэлэгт эрчимт эмчилгээний 168, энгийн 3151 сул ор байна.

Болзошгүй үед ашиглах зорилгоор "Буянт-Ухаа" спорт цогцолборт 300 ор дэлгэхээр бэлтгэж, 3 ээлжээр нийт 180 эмч, эмнэлгийн мэргэжилтэн /45 эмч, 90 сувилагч, тусгай мэргэжилтэн 45/, бусад албан хаагчдыг ажиллуулах тооцоог гаргасан.

АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлгий оюутны байранд 450 ор дэлгэн халдварын тохиолдлыг тусгаарлан эмчлэх нэгжийг хуваарилж, хөнгөн хэлбэрийн өвчтөнүүдийг шилжүүлэх, Архангайн оюутны дотуур байранд 150 ор бэлтгэж, эхний ээлжийн ашиглалтыг тус тус эхлүүллээ.

Мөн ШУТИС-ийн оюутны нэгдүгээр байр, АШУҮИС-ийн хоёр, гуравдугаар байр, Архангайн оюутны дотуур байрны нийт 337 өрөөний 1980 орыг төлөвлөсөн. ДЭМБ-ын гаргасан зөвлөмжийн дагуу эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх эмч, ажилчид, хамгаалалтад ажиллах албан хаагчид зэрэг нийт 844 хүнийг ажиллуулах тооцоог гаргаад байна.

Цаашид хөнгөн өвчтөнүүдийг тусгаарлан эмчлэх зориулалтаар нийслэлийн хэмжээнд:

- 7 дүүрэгт хувийн хэвшлийн 52 эмнэлгийн 949 ор, 23 сувиллын 1080 ор, нийт 2029 орыг нэмэлтээр, 

- 6 дүүрэгт 152 амралтын газрын 7940, 16 жуулчны баазын 1320 ор, нийт 9260 орыг дайчлан ажиллуулах тооцоог гаргасан" гэжээ.

Коронавируст халварын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар Ерөнхий сайд өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд мэдээлэл хийж, гишүүдийн асуултад хариулах товтой.