УИХ-ын чуулганы энэ долоо хоногийн нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин нарын 7 гишүүн энэ сарын 04-нд өргөн мэдүүлсэн "Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл"-ийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэнэ.

Цар тахлын нөхцөлд байгаа сүүлийн 1 жил гаруй хугацаанд олон ААН хаалгаа барих хэмжээнд хүрч буй учир Нийгмийн даатгалын хуульд өөрчлөлт оруулж, нийгмийн даатгалын шимтгэлийг тодорхой хэмжээгээр бууруулахыг тус хуулийн төсөлд тусгажээ.

Тодруулбал:

- Ажил олгогчийн хөдөлмөрийн хөлсний сан түүнтэй адилтгах орлогоос төлөх шимтгэлийн хэмжээг 12.7 хувь гэснийг 11.7, 

- Даатгуулагчийн хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах орлогоос төлөх шимтгэлийг 12.5 хувь гэснийг 11.5 гэж, 

- Мөн зүйлийн 2 дахь хэсэгт 12.5 хувь гэснийг 11.5 болгож, бууруулан өөрчлөхөөөр тусгажээ.

Ингэснээр даатгуулагчийн орлого дунджаар 10 орчим хувиар өсөж, аж ахуйн нэгжид очих дарамт багасна. Улмаар аж ахуйн нэгжүүд ажлын байраа хадгалах, нэмэгдүүлэх, тэр хэмжээгээр ажиллагсдын амьдрал дээшилнэ гэж хууль санаачлагчид үзжээ.

"Нийгмийн даатгалын шимтгэлийг бууруулснаар нийгмийн даатгалын санд төсвөөс үзүүлэх дэмжлэг нь 2021 онд 94.5 тэрбум, 2022 онд 198.9 тэрбум төгрөгөөр нэмэгдэхээр байна. Үүнтэй холбогдуулан төрөөс шаардлагатай дэмжлэг үзүүлэхгүй бол нийгмийн даатгалын сангийн бие даасан байдалд бэрхшээл учрах тул төсвийн тодотгол хийх зайлшгүй шаардлага гарч ирнэ гэдэг нь ойлгомжтой. Цар тахлын онцгой нөхцөлд ард түмний эрх ашгийн төлөө эдгээр арга хэмжээг авах хэрэгтэй байна. 

Онцгой нөхцөл байдлын улмаас хуульд өөрчлөлт оруулах асуудлаар ОУВС-тай хэлэлцэн тохиролцож, цар тахлын улмаас эдийн засагт учирсан бэрхшээлийг даван туулсны дараа нийгмийн даатгалын сангийн бие даасан байдлыг бэхжүүлэх бодлогыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх бололцоотой" гэдгийг хууль санаачлагчид дурджээ.