Өнөөдөр УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг ариун цэврийн хэрэглэл охидод үнэгүй тараахтай холбоотой асуудлаар твиттер хуудаснаа жиргэсэн. Уг асуудлыг олон нийтийн анхаарал татсан асуудлын нэг болоод байна. Охидын биеийн онцлог, ялгаатай байдлын талаар Жендэрийн Үндэсний Хорооноос дараах байр суурийг илэрхийлжээ. 

Олон охид ариун цэврийн хэрэглэл авах боломжгүйгээс хичээл сургуульдаа явахгүйд хүрч байгааг хүний эрхийн зөрчил гэж дэлхийн улс орнууд үзэж байна. 

Бид тэдний жишгээр ариун цэврийн хэрэглэлийг татвараас чөлөөлөх, үнийг буулгах арга хэмжээнээс эхлэн шат дараатай бодлого явуулъя. 

Эхний ээлжинд сургууль, дотуур байранд ариун цэврийн хэрэглэлийг нь үнэгүй байрлуулах төсвийг батлах хэрэгтэй хэмээн УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг өнөөдөр твиттер хуудсандаа жиргэжээ. 

Тэрбээр цааш нь, Шинэ Зеланд, Шотланд, ӨАБНУ зэрэг дэлхийн 21 улс, бүс нутагт охидод ариун цэврийн хэрэгслийг үнэ төлбөргүй олгохоор хуульчилсан байдаг тухай ч өгүүлсэн байна. 

Учир нь,  хөдөөгийн дотуур байранд  амьдардаг 8-р ангийн охин ариун цэврийн хэрэгсэл байхгүйгээс, хөвөнтэй хөнжлөө цуулаад хэрэглэсэн байхад дотуур байрны комендант гарыг нь хугартал зодсон тохиолдол гарсан байна. 

Цаашлаад, охид сарын тэмдэг ирэх хугацаанд ариун цэврийн хэрэгсэл авах мөнгөгүйгээс сар бүр тодорхой хугацаанд хичээлээ таслах шалтгаан ч үүсдэг байна. 

Ийм үед охид сар бүр тулгардаг эрүүл мэндийн онцлог үйл явцыг туулах гэж өөрийнхөөрөө шийдэх гэж оролдсоныхоо төлөө багшдаа шийтгүүлэх, эрүүл мэндээр хохирох нь өнөөгийн нийгэмд байж болохгүй ялгаварлал, хүчирхийлэл юм. 

Эрүүл мэндийн болон суралцахуйн олон талт үр дагавартай асуудалд бид хайнга хандаж ирсэнийг зөв зүйтэйгээр өөрчлөх нь зүйтэй гэдэгт Жендэрийн үндэсний хорооны зүгээс санал нэгтэй байна.