АНУ-ын Үндэсний Эрүүл Мэндийн Хүрээлэнгээс үсэндээ шулуун хими хийлгэдэг эмэгтэйчүүд умайн хүзүүний хорт хавдар тусах өндөр эрсдэлтэйг илрүүлжээ.

Уг судалгааг эмэгтэйчүүдийн нас баралтын тэргүүлэх шалтгаан болох хөхний хорт хавдар, умайн хүзүүний хорт хавдрыг үүсгэгч үндсэн шалтгааныг олох зорилгоор хийсэн байна. Энэхүү томоохон судалгааны ажилд 34-74 насны 33 мянга гаруй эмэгтэй хамрагдсан аж. Тэдний эрүүл мэндийг 11 жилийн турш судлах хугацаанд 378 эмэгтэй хорт хавдраар өвчилжээ.

Судалгааны ахлах ажилтан, доктор Александра Уайт “Үсэндээ химийн найрлагатай бүтээгдэхүүн хэрэглэдэггүй эмэгтэйчүүд 70 нас хүртлээ умайн хүзүүний хорт хавдраар өвчлөх эрсдэл маш бага буюу 1.64%  байсан. Харин тогтмол шулуун хими хийлгэдэг бүсгүйчүүдийн эрсдэл 4.05% хүртэл нэмэгдсэн үр дүнд гарлаа. 

Үүнээс үзэхэд шулуун химийн найрлага дахь парабен, бисфенол А, металл, формальдегид зэрэг химийн элементүүд урт хугацаандаа дааврын хамааралтай хорт хавдраар өвчлөх эрсдэлт хүчин зүйл болох нь батлагдсан” гэв.

Судлаачид чухам ямар брэндийн шулуун хими хэрэглэснээр хорт хавдар тусаж буйг тодорхой дурдаагүй байна.

Үсний будаг, цайруулагч, пермс зэрэг бусад үс арчилгааны бүтээгдэхүүнүүдийн хувьд умайн хүзүүний хорт хавдар тусахад нөлөөлдөггүй ч бас онцолжээ.

Дэлхий даяар бүртгэгдэж буй нийт хавдрын тохиолдлын гурван хувийг умайн хүзүүний хорт хавдар эзэлдэг байна. 

Умайн хүзүүний хорт хавдар нь 20-оос доош насныханд тохиолдох нь тун ховор, 30 наснаас энэхүү өвчнөөр өвчлөх магадлал нэмэгддэг. 50-аас дээш насныхан маш эрсдэлтэй бүлэгт ордог ажээ.


Эх сурвалж: National Institutes of Health