“АЙЛ ГЭР”подкастын энэ удаагийн зочин нийслэлийн ГБХЗХГ-ын газрын мэргэжилтэн Б.Одончимэг. Тэрээр хүүхдийн хөгжлийн асуудлаар дараах зөвөлгөөг өгч байна.  

Монгол Улсын Хүүхдийн эрхийн тухай хуульд хүүхдийн үндсэн 4 эрхийн тухай заасан байдаг. Түүний нэг нь хүүхдийн хөгжих эрх юм.

“Хүүхдийн бие махбодь, оюун санаа, ой ухаан, сэтгэц, зан байдал, харилцаанд гарч байгаа ахиц өөрчлөлтийг хүүхдийн хөгжил гэж үзнэ” гэсэн байдаг.


Бага насны хүүхэд гэж хэн бэ?

Олон улсын байгууллагын тодорхойлсноор 0-8 насыг бага нас гэдэг. Сэтгэл судлалын шинжлэх ухаанд ерөнхий нэрийг нь бага нас гэж нэрлээд 3 ангилсан байдаг 0-1 насыг нялх, 1-3 насыг балчир, 3-6 хүртэлх насыг сургуулийн өмнөх нас гэж ангилдаг.

Бага насанд хүний тархи маш хурдацтай хөгждөг.

Тухайн хүнд байх ёстой тархины нийт жингийн 80 хүртэлх хувь хүний амьдралынх нь эхний 3-4 жилд бүрэлдэн бий болдог.Хүүхдийн тархины хөгжлийг дэмжих хамгийн таатай эерэг хүчин зүйл нь эцэг эх асран хамгаалагчийн халуун дотно харилцаа.

Эцэг эх, асран хамгаалагч нь хүүхэдтэйгээ тоглож ярилцаж хайрлаж халамжлах,тэврэх,ном уншиж өгөх, эрүүл шим тэжээлтэй хоолоор хооллох зэрэгт хүүхдийн тархи түүгээр тэжээгдэж тэтгэгдэж байдаг.Энэ нь хүүхдийн сэтгэлийн хөдөлгөөний хөгжилд таатай нөлөө үзүүлнэ. 


Бичлэг үзэх:


Бага насны хүүхдийн онцлог?

0-1 нас буюу нялх насанд хүүхэд ганганаж гунганаж эхэлдэг.Тиймээс эхний авиагаа хэлэх үеэс хүүхэдтэй ярилцаж хамтдаа хөгжмийн хэмнэлээр хөдөлгөөн хийж дуулж бүжиглэх эхний алхмыг хийх нь хүүхдийн цаашдын хөгжлийн сэдэл болдог. Хүүхдэд ингэж таатай мэдрэмжийг төрүүлснээр хүүхдийн тархины  хөгжил нэмэгдэж байдаг.

Бага насны хүүхдийн хөгжлийн хамгийн гол онцлог нь сониуч байдал. Нялх балчир насанд хүүхэд аливаа зүйлийг барих, амандаа хийх шидэж, атгаж таньж, мэдэрч хүртэж байдаг бол сургуулийн өмнөх насанд илүү их яагаад гэдэг асуултыг тавьж эхэлдэг.

Энэ яагаад ийм байгаа юм, ямар хэрэгтэй юм, яаж хэрэглэдэг вэ, ямар зориулалтай вэ гэдэг ч юм уу. Энэ яагаад гэж асууж байгаа хүүхдийн сониуч зан нь тархины хөгжилтэй холбоотой гэж ойлгож болно.


Бага насны хүүхдийн хөгжил төлөвшилд олон нийтийн, ялангуяа эцэг эх, асран хамгаалагчдын хувь нэмэр маш чухал. Бага насны хүүхдийн хөгжлийн бас нэг онцлог нь томчуудыг дуурайх сонирхолтой. Тийм учраас бага насны хүүхдийн эргэн тойронд байгаа хүн бол үргэлж хүүхдэд зөв үлгэр дуурайлал үзүүлж үлгэрлэж байх хэрэгтэй.


Тоглох нь хүүхдийн хөгжих, суралцах гол арга юм


Тоглоом хүүхдийн хөгжилд чухал нөлөөтэй. Жишээлбэл, хүүхэд өрж байгуулах тоглоомоор тоглож байх үедээ: 

Хоорондоо идэвхтэй харилцаж, ярих чадвар сайжирч байдаг. 

  1. Тоглоомын эд ангийг барьж, зөөх, өрөх үед тэдний том болон жижиг булчин идэвхтэй хөдөлгөөнд орж, гарын хөдөлгөөнөө мэдрэх, зохицуулах чадвар болон хурууны үзүүрийн мэдрэмж сайжирч байдаг. 
  2. Хүүхэд тоглож байхдаа анхаарлаа нэг зүйлд бүрэн төвлөрүүлж, дүрсүүдийг давхарлан өрөх үед тэнцвэрийг нь олж тогтоох гэж оролдох, нураад байгаа учир шалтгааныг олох, өөрөө юмсын шинж чанарыг таньж, асуудал бэрхшээлийг олж харж шийдвэрлэх байдлаар идэвхтэй суралцаж байдаг. 

Энэ мэт тоглох нь хүүхдийн хөгжил, төлөвшилд маш олон эерэг нөлөөтэй. 

Хүүхдийг тоглож байх үед нь ямар тоглоомоор яаж тоглож байгааг нь ажиглаж харж байх нь чухал.  Жишээ нь балчир буюу 1-3 насны хүүхдүүд машинаар тоглохдоо машиныг амандаа хийх, эсвэл түрэх, дүүд дүүд гээд гаргадаг дуу авиаг нь дуурайж дуугардаг бол 3-6 насны хүүхдүүд илүү сониуч байдлаар ханддаг. 

Удирдлагатай машин байлаа гэхэд энэ дотор хүн суугаад явуулаад байгаа юм болов уу, яагаад яваад байгаа юм бол гэдэг ч юм уу. Машинд жижигхэн хүн байгаа эсэхийг үзэхийн тулд машинаа эвдэх гэх зэргээр тоглож байгааг эцэг эхчүүд маань ойлгох хэрэгтэй. 


Хүүхэд тань асууж шалгааж байвал тархи нь хурдтай хөгжиж байна гэсэн үг

4 наснаас эхлээд хүүхдүүд тасралтгүй яагаад гэж томчуудыг шалгаана. Бага насны хүүхэд томчуудын ярьсан зүйлийг дандаа үнэн бодит гэж ойлгодог.  Тиймээс асуултад ньямар нэгэн байдлаар товч ч болов үнэн зөв, гэхдээ сэтгэхүйд нь тохируулж ойлгомжтой, хөгжилтэй хариулж байх хэрэгтэй. 

Эцэг эх нь төвөгшөөгөөд байхаар хүүхэд асуухаа больж эхэлдэг. Тиймээс миний хүүхдийн минь тархихурдацтай хөгжиж байна, сэтгэн бодох чадвар нь нэмэгдэж байна гэж ойлгох хэрэгтэй.

Хүүхэд бүрийн хөгжил өөрийн онцлогтой, өөр өөрийн хурдтай. Тиймээс хоёр хүүхдийг хооронд нь харьцуулах нь зохистой биш. Хүүхдийн бага насны туршлага хөгжлийн шинж байдал нь хүүхэд ирээдүйд амжилттай суралцах, чанартай амьдрахын эх үндэс нь болж өгдөг.