Буяндэлгэрийн Мөнхчимэг
01 сарын 17, 2022
Кодчилолыг зөвхөн оюуны чадамж өндөртэй эсвэл инженер болох хүн сурна гэх ойлголт бий. Гэвч өнөө цагт хүн бүхний зайлшгүй мэдвэл зохих мэдлэг кодчилол багтаж, гоц гойд авьяас гэхээс илүүтэй өдөрт тутмын хэрэглээ болжээ. Энэ талаар Австралийн Күйнсландын Их сургууль төгссөн Б.Билгүүнтэй ярилцлаа. Тэрбээр монгол хүүхдүүдэд вэб дизайн, програмчлал, электроник, роботик технологийн боловсрол олгох холын зорилгоор "Теее" клубийг үүсгэн байгуулаад буй.
Хүн бүхэн код сурвал...
Монголд хамгийн өндөр цалинг "software" инженерүүд, тэр дундаа программын инженерүүд авч байна. Дунджаар 2 сая 500 мянган төгрөгөөс дээш цалинтай.
Дээрээс нь ажлын байрны хүртээмж сайтай. Бид л анзаардаггүй болохоос "Software" бүхий зүйлд бий.
Компьютерийн дэлгэцэнд, лифтэнд, угаалгын машинд, бүр талхны үйлдвэрийн зуухыг нь ч программаар ажиллуулдаг.
Тэгэхээр хаана ч хэрэгцээтэй мэргэжил учраас хүн болгоныг код сураасай гэж боддог.
Кодчилол сурсан хүн эмх цэгцтэй сэтгэж чаддаг болдог.
Код хөгжихөөс өмнө хүний оюун сэтгэлгээг хөгжүүлэхийн тулд хүмүүсийг бичүүлдэг байжээ.
Учир нь бичиж сурсан хүн бодож сурсан байна гэсэн үг. Бодож сурсан хүн бусадтай санаа бодлоо хуваалцаж чаддаг.
Тэр хэрээрээ оюуны чадварууд хурдан хөгжинө.
Бичлэг үзэх:
Үе /generation/ болгон өөрсдийн гэсэн онцлогтой, түүхтэй.
Тэдгээр үе болгон өөрийнх нь амьдарч байснаас өмнөх үеийн технологуудыг хангалтгүй гэж боддог сул талтай.
Тэгээд зогсохгүй нь өөрөөс нь хойш гарч ирсэн тодруулбал суралцах нас дууссаны дараах технологийн шинэчлэлүүдийг хортой гэж итгэдэг.
Энгийн жишээгээр тайлбарлая.
Зарим ахмад настнууд бага байхад аав ээж нь ном уншуулдаггүй байсан гэж ярьдаг шүү дээ. Учир тэдний аав ээж нь бага байхдаа ном уншдаггүй, гадаа гарч мод чулуугаар тоглодог байсан шүү дээ. Ном гэдэг технологи аав ээжийнх нь үед байгаагүй болохоор л эсэргүүцээд байж.
Ээж аавдаа загнуулан байж ном уншдаг байсан тэр үеийнхэн хүүхдэдээ "Гар утас, компьютер үзэхээ боль. Ном унш" гэдэг. Ингээд харах юм бол яг л өөрийнх нь үеийн технологийг л дэмжээд байгаа байхгүй юу.
Миний ажиглаж байгаагаар эцэг эхчүүд хүүхдийнхээ технологийн хэрэглээг хэт хянах, хорих гээд байдаг тал түгээмэл бий. Ерөөсөө үе бүхэнд шинэ технологиийн дэвшил гарч ирнэ. Түүнээс суралцах, дасан зохицох насан дээрээ байгаа хүмүүс нь хэрэглээд явна. Нийгэм, цаг үетэйгээ хөл нийлүүлж алхана гэдэг нь шинэ технологийг хэрэглэж, суралцана гэсэн үг.
Ашиглаж байгаа ухаалаг утас, сошиал медиа, компьютеруудаар дамжиж харилцаа үүсэн бий болж байна.
Хэрвээ хүүхдийнхээ цахим хэрэглээг хэт хянаад байвал таны хүүхэд хоцрогдоно, үе тэнгийхэндээ гадуурхагдаж ч мэднэ.
Учир нь дэвшилтэт технологийг олуулаа хэрэглэхийн хэрээр тренд үүсдэг. Үүнийг дагаж л хүүхэд цаг үетэйгээ хөл нийлүүлсэн оюун тархины хөгжилтэй, бодож сэтгэдэг хүн болно.
Сошиалд донтох шалтгаан буюу дофамины хордлого
Бүх юм хэмжээ хязгаартай. Хэдийгээр орчин цагийн хүүхдүүдийн цахим хэрэглээг хүлээн зөвшөөрөх ёстой ч хэрэглээг нь хянаж хязгаарлах нь томчуудын үүрэг юм.
Энэ нь дофамины детокс гэж зүйлтэй хамааралтай. Тодруулбал бид цахим сүлжээний платформуудын нөлөөгөөр дофамины хордлогод орчихсон яваа.
Дофамин гэдэг бол бидний тархи баярласан үедээ ялгаруулдаг гормон. Жишээ нь фэйсбүүктээ зураг нийтлээд 100 лайк хүрлээ гэж бодъё. Лайк дарсан мэдэгдэл ирэх бүрд аз жаргалын дофаминыг тархи байнга ялгаруулж байдаг.
Байнга тийм мэдрэмж авахаар "тэндээ" л баймаар санагдана. Цахимд донтож эхэлнэ гэж ойлгож ч болно.
Өдөр болгон иймэрхүү хиймэл зүйлсээс аз жаргалын мэдрэмж авах нь хүүхдүүдэд алсдаа сөрөг нөлөөтэй.
Жишээ нь өнөөгийн хүүхдүүд дээр үеийн кинонд гардаг шиг бэлгээ хараад орилж, дэвхцэн баярлахгүй.
Яагаад гэвэл биднийг баяртай болгодог дофамины дундаж хэмжээ цахим ертөнцийн нөлөөгөөр өсчихсөн хэрэг.
90-ээд оныхон нэгнээсээ хөөрхөн гэсэн үгийг ховорхон л сонсож байсан. Харин өнөөдөр бид сошиал медиа дээр нэгнээсээ өдөр болгон сонсож байна шүү дээ. Тоглоом дээр ч ялгаагүй.
Хүүхдүүд өдөржин сагс тоглодог шүү дээ. Мэдээж тоглох бүрдээ хожоод байхгүй. Онооны зөрүү гарна,ялагдана, шаралхана. Гэхдээ нэг хожихоороо ялсан мэдрэмжийг хүчтэй авдаг. Цахим талбарт жишээ нь "PUBG" гээд тоглоомыг өдөрт 10-20 удаа ч тоглож болно. Тоглох бүрдээ ялах боломж нь сагс тоглохоос өндөр. Тэр хэрээрээ бусдаас мундаг гэсэн мэдрэмжийг авч чадаж байна шүү дээ.
Тэгэхээр хүүхдүүдийнхээ цахим хэрэглээг шууд уурлаж, загнаж, тас хорихоосоо өмнө тэдэнд хиймэл харилцаа, цахим орчин хуурамч мэдрэмж өгч, төөрөгдүүлж, тархинд дофаминыг ихээр ялгаруулдаг гэдгийг л ойлгуулмаар байна.
Үүнийг мэддэггүйгээс болоод өөрөө ч мэдэхгүй сошиалд донтдог гэдгийг нь учирлаж, тайлбарлаарай. Энэ бол орчин үеийн эцэг эхчүүдийн заавал мэдэх зүйл.
Австралид найман настай хүүхэд код бичдэг харамсалтай нь Монголд оюутан болоод сурдаг
Би Австралид их сургуульд суралцангаа 20 гаруй сургуульд хичээл зааж байлаа. Оюутан болоод арайхийн сурсан зүйлсээ дөнгөж 6-7 дугаар ангийн хүүхдүүдэд цагаар заадаг байв.
Дөнгөж оюутан болоод багшийн өгсөн даалгаврыг би бараг хонон өнжин дуусгадаг байхад ангийн Австрали хүүхдүүд 2-3-хан цагт дуусгачихна.
Яагаад гэвэл тэд бүр багадаа программчлалын суурийг нь заалгачихсан. Бидний гараа эрс өөр.
Эргээд харсан чинь ЕБС-ийн сургалтын хөтөлбөр бидний дунд боловсролын тийм том ялгаа үүсгэж байж.
Монгол ирээд 10 жилийн сургалтын хөтөлбөрийг хайж, сурах бичгүүдийг нь үзлээ. Бүр төгсөх жилийнхээ сүүлийн улиралд л энгийн программ үзэх хуваарьтай байдаг юм билээ.
Тийм байхад монгол хүүхдүүдээс дэлхийд өрсөлдөх чадвар хайгаад ч хэрэггүй. Угаасаа өрсөлдөх юм бол ялахгүй. Бүр нэг баг болоод ажиллахад ч бусад хүүхдэдээ чирэгдэнэ. Тэднийг хойш нь татна.
Би өөрөө тэр горыг нь амссан болохоор мэдэж байгаа юм шүү.
Программчлал, мэдээллийн технологийн боловсролын үзүүлэлтээр манай 12-р анги төгсөж байгаа хүүхдүүд Австралид 5-р анги, 6-р ангийн хүүхдүүдээс доогуур мэдээлэл аваад байна.
Чанартай боловсрол гадаадад эзэмшье гээд явлаа ч 10 жилийнх нь боловсрол чанар муутай байсан учраас хүүхдүүд нь чирэгдээд байна. Тэгэхээр тэдний хоорондох зайг багасгах хэрэгтэй.
Ядаж энэ хөтөлбөрийг нь сургуульд нь биш юм аа гэхэд сургуулиас гадуур зааж өгөх хэрэгтэй байна.
Дасгал хийвэл бүгд дэлхийн аварга болохгүй ч гэсэн бүгд л үр шимийг нь хүртдэг
Программчлалд суралцахад оройтно гэж байхгүй. Дасгал хийвэл бүгд дэлхийн аварга болохгүй ч гэсэн бүгд л үр шимийг нь хүртдэг шиг хэдэн наснаас ч суралцаж болно.
Гэхдээ программчлал аналоги нь хэл учраас эрт сурахыг зөвлөнө. Багадаа хоёр хэлээр яриад сурчихсан хүмүүс унаган хэлээ мартдаггүй шиг сурахад илүү хялбар байдаг.
Би өөрөө бараг 20 нас дөхөж байгаад сурсан. Тэгэхэд миний өмнө сурсан инженерийн мэдлэг, тэгшитгэл боддог аргачлал надад төвөг болж байсан. Өөрөөр суурьтай харах, бодох өнцгийг өөрчлөх хүндрэлтэй.
Одоо хүүхдүүдэд зааж байхдаа анзаардаг юм. Тэд цаанаасаа л өөрөөрөө оролдож байгаад л сураад авчихдаг.
Програмын хэл гэдэг чинь англи хэлнээс улбаатай хэл. Англи хэл, машины хэл хоёрыг хооронд нь ойртуулж өгсөн зүйл.
Англи хэлний бага зэргийн дөртэй байж тэрийг хийж эхэлнэ. Тэгэхээр миний ажиглаж байгаагаар дунджаар 8 наснаасаа хүүхдүүд латин үсгээр хоорондоо чаталчихдаг, ганц хоёр үг хоорондоо ойлгочихдог, тийм үеэс нь явуулбал зүгээр.
Англи, Австралид бүр эрт дөрвөн настай хүүхдэд зориулсан програмын хэл байж байна. Дөрвөн настай хүүхдэд заах ёстой, зориулаад дизайн хийчихсэн програмын хичээлүүд байна.
Манайханд бол дөрвөн настай хүүхдэд IQ нь байгаа ч хэлийг нь ойлгохгүй нэг зовлон бий.
Эрт сурах тусам илүү өгөөжтэй
Та магадгүй үүнийг сонсож байсан байх.
Хүүхдийн бага насны боловсролд нь оруулсан хөрөнгө оруулалт “return of investment” буюу өгөөж нь илүү байдаг.
Өөрөөр бол бага ангийн боловсролын өгөөж дээд ангийн боловсролын өгөөж арай бага.
Эхэн үеийн боловсрол хамгийн их үнэ цэнтэй. Хүүхдийг хоёр наснаас нь өмнө хүмүүжүүлж чадах нь үр нөлөө өндөртэй.
Хоёр наснаас нь хойш арай бага.
Тухайлбал, уншиж бичих боловсролын үнэ цэнэ хамгийн үнэтэй. Яагаад гэвэл дараа дараагийн бүх зүйл бичиг үсэг уншиж чадах эсэхээс хамаарна.
Дараа дараагийн боловсрол жишээлбэл нарийн мэргэжил, нано технологи, докторын ажил бол маш богинохон хугацаанд завсарт л ажиллана, хоцрогдох магадлал бүр өндөр. Мэдлэгийн насжилт байдаг шүү дээ. Тэр нь бага гэсэн үг л дээ. Эхэн үеийн мэдлэгийн насжилт нь эсрэгээр. Уншиж, бичих хэзээ хоцрогдох юм, хэзээ ч хоцрогдохгүй.
Хүүхдийн боловсролд өндөр үр өгөөжтэйгээр нь хөрөнгө оруулалт хийе гэвэл эрт байх тусмаа сайн. Тэглээ гээд хойшоогоо боль гэж байгаа юм биш юм шүү.
Анхаарах нь:
Хүүхдийнхээ боловсролыг дэмжих гэж байгаа бол юун түрүүнд өөрийнхөө боловсролыг нэмэгдүүлэх хэрэгтэй. Өөрөө суралц гэсэн үг л дээ. Эцэг эх та өөрийнхөө мэдлэгийг цар хүрээ, хэм хэмжээг хэмжиж, түүнийгээ ахиулах хэрэгцээ шаардлагатай.
Манайд ирж байгаа эцэг эхчүүд бүтэн код мэддэг, програмын хүн биш ч ер нь бол код байдаг гэдгийг мэдсэн, энэ зүйл хэрэгтэй гэдгийг ойлгосон хүмүүс байдаг.
Тэгэхээр цаг үргэлж өөрийгөө шинэ мэдээллээр хангаж байгаарай.
"Teee" клубтэй холбогдох бол ЭНД дарна уу.
Бичлэг үзэх:
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.