“ОНЫ ОНЦЛОХ ХҮҮХЭД” шалгаруулах арга хэмжээг Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас  30 дахь жилдээ уламжлал болгон зохион байгууллаа.   

2022 онд үндэсний болон олон улс, тив дэлхийн түвшинд оюун ухаан, сурлага, урлаг, уран бүтээл, спорт, байгаль хамгаалал, эх орны түүх, соёл, техник сэтгэлгээ, багийн амжилт төрлөөр 10 номинацид улсын хэмжээнд 1576 хүүхэд өрсөлдөж, онцгой амжилт гарган эх орноо сурталчлан үе тэнгийнхнээ манлайлсан 33 хүүхдэд 2022 оны "ОНЦЛОХ ХҮҮХЭД" шагналыг, Говьсүмбэр аймгийн “Хар сувд” бүжгийн хамтлаг, Монгол Улсын U18 сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ багт 2022 оны "ОНЦЛОХ БАГ" шагналыг тус тус гардуулав.

Тухайлбал, Бүгд найрамдах Солонгос улсын Сөүл хотноо зохион байгуулсан хөгжөөн дэмжигчдийн олон улсын нээлттэй тэмцээний “Агаарын акорабат хүнд үзүүлбэр”-ийн төрөлд тэргүүн байр эзэлж, Азийн тивийн аварга болсон "Хар сувд" бүжгийн хамтлаг болон Энэтхэг улсын Банглор хотноо зохион байгуулсан “ФИБА U18” эмэгтэйчүүдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд мөнгөн медаль хүртсэн U18 сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ багт ОНЫ ОНЦЛОХ багаар тодорсон юм.

Мөн F2B дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэй тамирчны сонгон шалгаруулалтад тэргүүн байр, Польш улсад зохион байгуулсан “Нисэх загвар”-ын спортын жолоодлогот ухрах нислэгийн дэлхийн аварга шалгаруулах эмэгтэйчүүдийн анхдугаар тэмцээний мөнгөн медаль, Европын охидын математикийн 11-р олимпиад (EGMO)-даас хүрэл медаль, Европын Холбооны Чех улсад болсон олон улсын Global round тэмцээнд мөнгөн медаль, Энэтхэг улсад зохион байгуулсан дэлхийн шатрын 44-р олимпиадад алтан медаль хүртэн “ДЭЛХИЙН АВАРГА"-ын болзол хангасан, Румын улсад зохиогдсон өсвөрийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртсэнээс гадна Бүгд найрамдах Панам улсад зохион байгуулсан дэлхийн сурагчдын аварга шалгаруулах тэмцээний 11 насны ангилалд тэргүүн байр, Гүрж улсад зохион байгуулсан олон улсын хүүхдийн “World rising stars 2022” соёлын арга хэмжээнд Гран При, 2022 онд нийтийн тээвэрт гарсан галыг унтрааж хүний алтан амийг аварч Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Шударга журам” медалиар шагнуулсан,  Үеийнхнээ уриалан Цус сэлбэлт судлалын үндэсний  төвд цусаа хандивлаж, 1800 эрдэнэт хүний амийг авран хүмүүнлэгийн энэрэнгүй үйлсэд хувь нэмрээ оруулсан, “ABU DHABI WORLD PRO CHAMPIONSHIP-2022” дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд мөнгөн медаль, “DZ Open-2022” улсын аварга шалгаруулах тэмцээнд мөнгөн медалийг тус тус хүртэж, үе тэнгийнхнээ манлайлан онцгой амжилт гаргасан 33 хүүхдэд "ОНЫ ОНЦЛОХ ХҮҮХЭД" шагналыг мөн тус тус гардууллаа.

2022 оны онцлох хүүхдээр  шалгарсан сурагчдадаа баяр хүргэж, цаашдын сурлага, урлаг, спортын арга хэмжээнд нь өндөр амжилт хүсье