УИХ-ын гишүүн Х.Ганхуягийн санаачилсан “Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай” хуулийн төсөлд олон нийтийн саналыг хүлээн авч эхэлсэн бөгөөд энэ цахим хуудсаар нэвтрэн саналаа үлдээх боломжтой. 

Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хууль 1995 онд батлагдаж, өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байгаа. Тус хуулийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийсний үндсэн дээрх шинэ хуулийн төслийг боловсруулжээ. Хуулийн төсөл 6 бүлэг 34 зүйлтэй. Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, түүний салбар, төлөөлөгчийн газар, дагнасан танхимын зохион байгуулалт, чиг үүрэг, үйл ажиллагаа, гишүүнчлэл, санхүүжилт, төрийн болон бусад байгууллагатай харилцах болон худалдаа, аж үйлдвэрийн танхимтай холбоотой бусад харилцааг зохицуулах юм. 

Хуулийн төслийг боловсруулахдаа Холбооны Бүгд Найрамдах Герман Улс, Бүгд Найрамдах Франц Улс, Унгар Улс, Япон Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс, Бүгд Найрамдах Казахстан Улсын худалдаа, аж үйлдвэрийн танхимын эрх зүйн байдлыг зохицуулсан хууль тогтоомжийг харьцуулан судалжээ. 

Түүнчлэн олон улсын жишиг зохицуулалтыг харгалзан Монгол Улсын Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн бүтэц, зохицуулах асуудлуудын цар хүрээг тодорхойлж, эдийн засаг болон гадаад, дотоод худалдаа, хүн ам зүйн тархалт, аж ахуй эрхлэгчдийн төвлөрөлт, тэдгээрийн ашиг сонирхлыг хамгаалах зорилготой холбоодын үйл ажиллагааны үр дүнтэй байдал, аж ахуй эрхлэгчдэд дутмаг байгаа санхүүжилтийн төдийгүй техник, боловсон хүчний нөхцөл байдал зэрэгт тулгуурлан хуулийн төслийг боловсруулаад байна. 

Мөн зарим орны туршлагад үндэслэн Үндэсний танхимын гишүүнчлэлийг холимог хэлбэртэй байхаар тусгасан бөгөөд Монгол Улсад үүсгэн байгуулагдсан, ашгийн төлөө хуулийн этгээд нь Үндэсний танхимд заавал гишүүнчлэлтэй, харин төрийн өмчит хуулийн этгээд, гадаад улсын хуулийн этгээд болон Монгол Улсын хуулиар үүсгэн байгуулагч буюу хувьцаа эзэмшигч, эсхүл тухайн хуулийн этгээд нь нийтийн эрх зүйн хуулийн этгээд, эсхүл мэргэжлийн холбооны заавал гишүүнчлэлтэй байхаар заасан хуулийн этгээдийг сайн дурын үндсэн дээр гишүүн болохоор хуулийн төсөлд тусгажээ. 

Аж ахуйн нэгж, байгууллага, иргэн та бүхнийг Худалдаа, аж үйлдвэрийн тухай хуулийн төсөлд саналаа өгөхийг уриалж байна