Токио 2020 олимпын наадамд өнөөдөр Монгол Улсын хоёр тамирчин чөлөөт бөхийн төрөлд өрсөлдөнө. 

Тодруулбал, эмэгтэйчүүдийн 62 кг-ын жинд Х.Болортуяа зодоглох бөгөөд эхний даваанд Энэтхэгийн залуу бөх Сонам Маликтай барилдана. Түүнийг давбал шөвгийн наймд Бразилын Лаис Нунес, Болгарын бөх дэлхийн аварга, дэлхийн дэвжээнээс нийт зургаан медаль зүүгээд буй Тайбе Юсеин нарын ялсантай нь учраа таарна.

Х.Болортуяагийн хувьд өнгөрсөн жил Иван Ярыгиний гранприд түрүүлж, энэ жил тивийн аваргад үзүүрлэсэн амжилттайгаар Олимпод зодоглох гэж байна. Урьдчилсан шатны барилдаан 11:00 цагт эхлэх бөгөөд Х.Болортуяа долоо дахь барилдаанд дэвжээнд гарна.

Түүнчлэн өнөөдөр гавьяат тамирчин С.Батцэцэг хүрэл медалийн төлөө дэвжээнд гарна. ДАШТ-ий хүрэл медальт Азербайжаны Э.Манолова, Азийн наадмын мөнгөн медальт Кыргызстаны М.Жуманазарова нарын ялсан нь манай тамирчин С.Батцэцэгтэй медалийн төлөө хүч үзнэ.  

Медалийн төлөөх барилдаанууд 17:15 цагаас эхлэх бөгөөд Монгол Улсын хөдөлмөрийн баатар С.Батцэцэг 13 дахь барилдаанд дэвжээнд гарна.

Эх сурвалж: МҮОХ